УИХ-ын гишүүний зөвлөх тендерт нөлөөлж, төсөвт 1.1 тэрбумын хохирол учруулжээ

2022-11-15 Мэдээ, мэдээлэл

АТГ-аас дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан нь Цагаан хад суурьшлын бүсэд албан үүрэг гүйцэтгэх явцдаа хахууль авсан гэх;

-“Т” нь УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, улсын төсөвт нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх;

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0131 дүгээр ангийн албан тушаалтан “Д” нь бусдаас хахууль авсан гэх;

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “М” нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх;

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн албан тушаалтан “Б” нь гомдол гаргагчаас хахууль авсан гэх;

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын эрүүл мэндийн төвийн албан тушаалтан “Ө” нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосны улмаас тус Эрүүл мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний хохирол учруулсан гэх;

Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтан “Т”, “М” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний буюу 104 сая төгрөгийн хохирол учирсан гэх хэргүүдийг шилжүүлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.