Сагсан бөмбөгийн од Хойд Солонгосыг зорив

2017-06-13 Ертөнц

АНУ-ын сагсан бөмбөгийн од Деннис Родман Хойд Солонгосыг зорьжээ. Тэрээр өнөөдөр Бээжингээр дамжин Пьенянд ирж буйг хэвлэлүүд мэдээлж байгаа ч ямар зорилгоор Хойд Солонгост зочилж буй нь тодорхойгүй байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзсан цорын ганц америк хүн болох Деннис Родман өмнө нь дөрвөн ч удаа тус улсад очиж байсан юм. Сагсан бөмбөгийн хорхойтон Ким Чен Унтай хувийн  нөхөрсөг харилцаатай тэрээр Хойд Солонгост удаа дараалан зочилсноо “сагсан бөмбөгийн дипломат ажиллагаа” хэмээн нэрлэж байсан. Гэхдээ Родман улс төрийн ямар нэг үүрэг даалгавар хүлээж Пьенянд ирээгүй, хоёр улсын харилцааг сайжруулах үүрэг зорилго байхгүй гэдгийг тодорхой хэлдэг.  2014 оны нэгдүгээр сард Ким Чен Уны төрсөн өдрийн баярт зориулан NBA-гийн хэсэг тоглогчийн хамт Хойд Солонгост ирж, тоглолт зохион байгуулж, төрсөн өдрийн дуу дуулж байсан түүний энэ удаагийн аялал АНУ-БНАСАУ-ын хоорондох харилцаа маш хурцадмал байгаа үед таарч байна.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.