Л.Энх-Амгалан: Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлана

2022-09-2 Боловсрол

Л.Энх-Амгалан: Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлана

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан магистр, докторын зэрэг хамгаалсан багш нарыг плагиаризмын шалгалтад оруулна гэдгээ Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтын үеэр мэдээлж байв. Тэгвэл их, дээд сургуулийн багш нарын боловсролын зэргийн үнэн зөвийг нягтлахаас өмнө ЕБС-ийн багш нарын дипломыг шалгаж байгаа аж. Нийт 35 мянган багшийн дипломын шалгалтыг хийж дууссан талаараа өчигдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр мэдээлжээ. Шалгалтад хамрагдсан, хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт олон нийтэд зарлах аж.

Тэрээр энэ талаар “Нийт 35 мянган багшийн дипломыг шалгаж байна. ЕБС-д ажиллаж буй хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа. Мөн их, дээд сургуулийн багш нарын зэргийг нягтална. Түүнчлэн докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарласан иргэдийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулна. Хэрэв магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлана. Үүнээс гадна, их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна” гэж мэдээлсэн юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг бөгөөд их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байгаа гэх статистик бий.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.