Бэлчээрийн ургац муу, цаг агаарын нөхцөл байдал таатай бус байх төлөвтэй аймгуудад өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд салбар яамнаас эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга болон Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахим хуралдаан зохион байгуулсан.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан зарим аймаг, тухайлбал Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.
Түүнчлэн Цаг уурын байгууллагаас боловсруулсан урьдчилсан мэдээгээр ирэх 9, 10 дугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэлт эрт ажиглагдах магадлалтайг анхааруулсан юм.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн удирдлагууд эртнээс анхаарч ажиллах шаардлагатайг зөвлөсөн. Тус хурлаар УOK-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан юм.
Үнэлгээгээр Ховд аймаг маш их, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор Завхан аймаг их, Увс, Говь-Алтай, Архангай аймгууд дунд эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Иймд эрсдэл өндөр баруун таван аймагт онцгой анхаарахаа салбарын сайд З.Мэндсайхан онцолсон.
ЗАРИМ АЙМАГТ ХАДЛАН БЭЛТГЭЛИЙН АЖИЛ УДААШИРЧЭЭ
Энэ жил малчдын түвшинд өвс 1.2 сая, сүрэл 1.8 мянга, ногоон тэжээл 18.6 мянга, үйлдвэрийн тэжээл 73.1 мянга, гар тэжээл 82.6 мянга, давс хужир шүү 99.4 мянган тонн бэлтгэхээр төлөвлөжээ. Аймаг, нийслэл, сум дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянга, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар зарим нутгаар бороо хур элбэг байгаатай холбогдуулан хадлан бэлтгэл удаашралттай, малчдын түвшинд 16.7 мянган тонн өвс, 1.2 мянган тонн гар тэжээл, 0.5 мянган тонн хужир, шүү бэлтгэсэн.
Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн нөөцөд 0.3 мянган тонн өвс, 0.1 мянган тонн тэжээл бэлтгэсэн гэж салбарын сайд мэдээллээ.
ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд долдугаар сарын 28-нд баруун аймгуудын бүсийн уулзалтыг Ховд аймагт зохион байгуулсан. Ерөнхийдөө эрсдэл ажиглагдаж байгаа баруун таван аймгийг онцгойлж авч үзэж байгаа юм. Отрын бүсийн хувьд босоо буюу уртрагийн дагуу шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Малын гоц халдварт өвчин зэргээс шалтгаалж малын шилжилт хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хумьж байна.
Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу өвөлжилтийг хангах, отрын зураглал хийх хүрээнд мал аж ахуйн газар, аймгийн хөдөө аж ахуйн газартай хамтарч отрын бүс, хилийн бүс, тусгай хамгаалалтын газар руу орж өвөлжих малын тоо толгой дээр захиалга авч байна.
Ерөнхий сайдын өгсөн албан даалгавар, баруун таван аймгийн нөхцөл байдал зэрэгт Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу онцгой анхаарна. Эрсдэл хүндэрч болзошгүй аймгуудад тэжээлийг гурил тэжээлийн үйлдвэртэй холбож, урьдчилгаа төлбөртэй дараа тооцоотой зээлээр өгөх боломж бүрдүүлэхээр гурилын үйлдвэрүүдийн удирдлагатай уулзсан. Үйлдвэрүүд тооцоо судалгаа хийж байна. Нийт тэжээлийн нөөц 17 мянган тонн байна.
ЗУНШЛАГА ТААРУУ АЙМАГ, СУМДАД УДИРДЛАГЫН ТҮВШИНД АНХААРНА ГЭВ
Зуншлага тааруу байгаа аймаг, сумдын отор нүүдлийн судалгааг гаргаж, мал эмнэлгийн халдварт өвчний тархвар зүйн судалгаатай уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах аж. Энэ хүрээнд аймаг, сумдын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай төлөвлөгөөг гаргаж, орон нутгийн хэмжээнд эхний ээлжид арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөжээ. Ховд аймгийн тухайд эрсдэл өндөр бүс нутагт хамаарч байгаа учраас ирэх есдүгээр сараас өмнө эрсдэлийн үнэлгээ бусад холбогдох судалгааг хийж, шаардлагатай зохицуулалт хийж, салбар яаманд мэдээлэх юм байна. Харин Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Завхан аймгуудын хувьд ХХААХҮЯ, мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газартай хамтран эрсдэлийн үнэлгээг тогтоож, шаардлагатай сумдад өвс, тэжээл зэрэг тусламж, хөнгөлөлт үзүүлэхээр хэлэлцэж байгаа аж.
Архангай, Говь-Алтай, Увс аймгуудад зуд болох эрсдэл харьцангуй бага ч цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж, байгалийн эрсдэлт үзэгдэл тохиолдох магадлалтай тул мөн л нутгийн удирдлагууд болон салбар яам, Онцгой байдлын газраас нь анхаарч буй аж.
Одоогоор аймгуудад дэмжлэг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг боловсруулж дуусаагүй бөгөөд ирэх есдүгээр сарын эхэнд багтаж салбар яамнаас шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ЗУД БОЛОХ ЭРСДЭЛ ӨНДӨР АЙМГУУДАД ИРЭХ САРААС ЦАС ОРНО
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг бүс нутгаар гаргажээ.
Баруун бүс – Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор
Төв – Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул
Зүүн – Хэнтий, Дорнод, Сүхбаатар
Говь – Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр
Баруун аймгуудын нутгаар ирэх сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бага байна. Есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Харин төвийн аймгуудын тухайд нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 градусаар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох юм байна. Иймд зудын эрсдэл өндөр аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангахыг Засгийн газраас анхааруулж буй билээ.
9 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.