Макроны бас нэгэн ялалт

2017-06-12 Ертөнц

Францын шинэхэн Ерөнхийлөгч Эммануэль МакроныLa Republique En Marche” нам өчигдөр болж өнгөрсөн парламентын сонгуульд маш том ялалт байгуулжээ гэсэн  урьдчилсан мэдээ сонсогдож эхэллээ. Саналын хуудасны 30 гаруй хувийг тоолсны дараах байдлаар Макроны нам парламентын 577 суудлаас 415-445-ыг нь эзэлжмагадгүй дүн гарчээ.

39 настай шинэхэн төрийн тэргүүний удирддаг La Republique En Marche” нам улс төрийн замналаа эхлээд удаагүй шинэхэн хүчин. Ердөө өнгөрсөн жил Макрон төвийг баримтлагч үзэлтэй намаа байгуулж, жилийн дотор хагас сая шахам гишүүдтэй болсон юм. Улс төрд шинэ хүн төрийн тэргүүнээс сонгогдсон учраас өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль тогтоох байгууллагад найдвартай дэмжлэг, ар тал хэрэгтэй. Франц улсыг Европын холбоонд үлдэх хэрэгтэй гэж үздэг ч эдийн засаг, улс төрийн системд томоохон реформ хийнэ гэж амлан гарч ирсэн Макрон хэрэв парламентад өөрийн намынхныг оруулж ирж чадахгүй бол бодлогооо хэрэгжүүлэхэд том саадтай тулгарах байсан юм. Харин францчууд шинэ Ерөнхийлөгчдөө бодлогоо хэрэгжүүлэх боломжийг бүрэн олгож, ганцхан жилийн намтар түүхтэй шинэ улс төрийн хүчинд хувь заяагаа даатгалаа. Үүгээр Францын улс төрийн уламжлалт томоохон хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дахин нэг хүчтэй цохилт амсч, ялагдал хүлээлээ.

Макроны нам парламентын 577 суудлаас 526-д нь нэр дэвшүүлжээ. Үүнээс 266 нь дан  эмэгтэй нэр дэвшигчид бол, 219 нь өмнө нь улс төрд огт холбогдож байгаагүй, өөр салбарын хүмүүс, тухайлбал, Нобелийн шагналт, бухтай тулалдагч тамирчин, нисгэгч гээд төрөл бүрийн салбарын төлөөлөл байгаа нь Францын улс төрийн ертөнцөд томоохон өөрчлөлт, шинэ уур амьсгал авчрах төлөвтэй байна.

Сонгуулийн эцсийн дүн ирэх ням гарагт бөгөөд нэлээд хэдэн тойрогт дахин сонгууль явуулж магадгүй болжээ. Учир нь, хэн нэг нэр дэвшигч 50 хувиас дээш санал аваагүй тохиолдолд дахин санал хураадаг хуультай аж.

Өнгөрсөн жилүүдэд Францын төрийн эрхийг ээлжлэн барьж байсан Бүгд найрамдах болон Социалист намуудад итгэл үзүүлэх сонгогчийн тоо маш ихээр буурсан нь энэ удаагийн сонгуулиас харагджээ. Бүгд найрамдах нам гэхэд нийт сонгогчдын 20,9 хувийн саналыг авна гэсэн тооцоо гарчээ. Энэ нь парламентын 80-100 суудал гэсэн үг. Харин социалистууд ердөө 9 хувь буюу 30-40 суудал л эзлэхээр байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд Макронтой өрсөлдсөн Марин Ле Пенийн Үндэсний фронт нам 1-4 суудалд л ялалт байгуулсан гэсэн мэдээ байна.

Б.Номун

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.