Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнээр дамжин халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрууд, иргэдэд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна.
Үүнд:
Адууны шилжилт хөдөлгөөний талаар
- Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтгүй аймаг, сум, баг өрхийн отор нүүдлээр ирээд буцаж байгаа зөвхөн тээвэрлэх адуунд мал эмнэлгийн цахим гэрчилгээ олгох
- Мал эмнэлгийн цахим гэрчилгээ олгохдоо эмнэл зүйн үзлэг хийж, халуун хэмжсэн тэмдэглэгээг заавал хийж, очих сүүлийн цэг хүртэл хүлээн авагчийг бичих
- Шилжилт хөдөлгөөн хийх адууг тээвэрлэх тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэл хийж, актыг дагалдуулсан байх
- Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч мал эмнэлгийн гэрчилгээг батлахдаа дээр заасныг нэг бүрчлэн шалгаж зөрчилгүй бол явах замын чиглэлийг хот хоорондын авто замын чиглэлийн дагуу тогтоож өгөх
- Адууг тээвэрлэгч нь малын эмч, мал эмнэлгийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, тогтоосон замын чиглэлээр зорчиж, дайран өнгөрөх Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгээр заавал шалгуулж, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулах
- Адуу тээвэрлэгч нь хүлээн авагч сум, дүүргийн мал эмнэлгийн тасагт хүрэлцэн очсон даруйд мэдэгдэж, хорио цээрийн хяналтад орж, шаардлагатай бол лабораторийн шинжилгээнд хамруулах
- Адуу тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл солихгүй, тээврийн хэрэгслээс буулгахгүй, бусад малтай шууд нийлүүлэхгүй байх
- Адуу хүлээн авагч талын Мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг адуу очсон даруйд хяналтад авч, хорио цээрт оруулах, шаардлагатай бол лабораторийн шинжилгээнд хамруулах
Үхэр, хонь, ямаа, тэмээний шилжилт хөдөлгөөний талаар
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт дуусаж, дархлаа бүрэн тогтох хүртэл хугацаанд амьд үхрийн шилжилт хөдөлгөөн хийхэд мал эмнэлгийн гэрчилгээ олгож, баталгаажуулахгүй
- Үржлийн зориулалттай малыг холбогдох шинжилгээнд хамруулсан, хорио цээрт оруулсан малыг хүлээн авагч аймгийн МЭГ зөвшөөрсөн тохиолдолд аймаг дамжин шилжилт хөдөлгөөнд оролцуулах
- Мал, амьтны гоц халдварт өвчний халдварын голомтгүй, хязгаарлалтын дэглэм цуцлагдсан нутаг дэвсгэрээс хүнсний зориулалтыг үхэр, хонь, ямаа, тэмээг мал төхөөрөх газар хүртэл зөвхөн тээвэрлэхэд мал эмнэлгийн гэрчилгээ олгох
- Хүнсний зориулалтын үхэр, хонь, ямаа, тэмээнд мал эмнэлгийн гэрчилгээ олгохдоо эмнэл зүйн үзлэг хийж, халуун хэмжсэн тэмдэглэгээг заавал хийж, тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэл хийж, актыг тээврийн хэрэгсэлд дагалдуулсан байх
- Мал тээвэрлэгч нь малын эмч, мал эмнэлгийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, тогтоосон замын чиглэлээр зорчиж, замын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгээр заавал шалгуулж, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулах
- Мал тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл солихгүй, тээврийн хэрэгслээс буулгахгүй, малтай шууд нийлүүлэхгүй байх
Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний талаар
- Мал, амьтны гоц халдварт өвчний халдварын голомтгүй, хязгаарлалтын дэглэм цуцлагдсан нутаг дэвсгэрээс малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн /мах, сүү, цагаан идээ/-д мал эмнэлгийн гэрчилгээ олгох,
- Малын гаралтай түүхий эд /ноос, ноолуур, арьс, шир, дайвар бүтээгдэхүүн/-ийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсан нутаг дэвсгэрээс төвлөрүүлсэн байдлаар сум, дүүргийн онцгой комиссын шийдвэрээр мал эмнэлгийн тасгийн хяналтад халдваргүйтгэлд хамруулж нэгдсэн зохион байгуулалттай тээвэрлэхэд мал эмнэлгийн гэрчилгээ олгох,
- Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн нийслэл хот руу чиглэсэн хөдөлгөөний чиглэлийг хот хоорондын замын дагуу тогтоож мал эмнэлгийн гэрчилгээг баталгаажуулах,
- Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэгч нь тогтоосон замын чиглэлийг дагуу зорчиж, замын Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн хяналт, халдваргүйтгэлд хамрагдсан байх,
- Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл замын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэгийн хяналтад хамрагдаагүй бол Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн долдугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн долдугаар зүйлд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг гэж Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас мэдээллээ.