Монгол Улсын Засгийн газраас Онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой түвшинд байлгах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа.
Гэвч нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг 50-100 төгрөг /өнгөрсөн Баасан гаригаас эхлэн/-өөр нэмэгдүүлээд байна. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү дураараа үнэ нэмэгдүүлэх асуудлыг Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарласан байдаг.
Эдийн засаг хүнд байгаа өнөө үед Монгол Улсын Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр удаа дараа зохицуулалт хийсээр байтал зориуд зохион байгуулалт /үгсэн хуйвалдсан/-тай мэт ойлгогдохоор шатахууны үнийг нэмэгдүүлж иргэдийг бухимдуулж байгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос буруутгаж байна.
Хэрэв үнэ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бол асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад тавин шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг нэмсэнд МҮЭХ-ноос шүүмжлэлтэй хандаж, дараах арга хэмжээг авахыг шаардаж байна.
1. Шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах
2. Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/
3. Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх
Дээрх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдад санал, шаардлага хүргүүлэхээр боллоо. Мөн ШӨХТГ-т тухайн асуудлаар хандахаа мэдэгдлээ.
А.Уянга
87350
30348
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.