УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт маш олон үйл явдал боллоо. Ердөө хоёрхон долоо хоногийн өмнө өөрсдөө хэмнэ гээд жагссан залуучуудын итгэл хүлээлт талаар өнгөрлөө. УИХ-ын гишүүдний хувьд урам хугарлаа. Бид хэмнэж чадахгүй юм байна. Бодит байдал ийм байна. Бид өөрчилж чадахгүй юм байна. Өмнөх долоо хоногийн сүүлээр Хөгжлийн банкны хулгайтай холбоотой улстөрч нарын асуудлыг УИХ нууцаар хэлэлцлээ. Хамгаалж авч үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Монголчууд хоёр гурван сарын хугацаанд хулгайтайгаа тэмцье гээд хуулийн байгууллага нь оруулж ирсэн энэ асуудлыг олонхоороо хамгаалаад хамгаалж авч үлдэнэ гэдэг бол маш хариуцлагагүй үйлдэл. УИХ-ын гишүүний хувьд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй байна. Хоёр жил ажиллалаа. Гэвч өөрчлөлт гарсангүй, гарахгүй юм байна.
Тиймээс энэ удаа УИХ-ын танхим дотроос биш гадаа талбай дээр иргэд, залуучуудыг уриалаад хамт өөрчилье, тэмцье гэж байна. Энэ долоо хоногийн пүрэв гарагийн 12 цагт өдрийн хоолныхоо үеэр залуусыг хүрч ирэхийг уриалъя. Тайван жагсаал зохион байгуулна. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Тогтолцооны өөрчлөлт гэдэг нь төрийн тогтолцоо данхайсан байна. Иймээс төрийг цомхон болгох тухай. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хийе гэж байгаа юм. Үүнийг шаардана. Өнөөдөр дайн болж байна. Гэтэл Монгол Улсын аюулгүй байдал ямар байна вэ? Нийтээрээ нэг хотдоо чихээд суучихдаг энэ Улаанбаатар хотод асуудал үүсэх нь битгий хэл нэг өвөл цахилгаан станц нь доголдоход л хөлдөнө. Тиймээс өөр хот байх ёсгүй юм уу, ийм байдлаар яваад байх юм уу. Тиймээс эдийн засгийн хотуудыг бий болгоё, тулгуур төвүүдээ дэмжье. Үүнийгээ Үндсэн хуулиндаа оруулах хэрэгтэй. Эрдэнэт, Дархан, Хөтөлийг оролцуулаад бид аж ахуйн кластр хийх бүрэн боломжтой. Замын-Үүд хотыг худалдааны хот болгох бүрэн боломжтой. Хархоринд тээвэр ложистикийн төв бий болгож хот хийе л даа. Мөн Багануур, Налайх руу их сургуулиудаа гаргая гээд ярьсан.
Иймэрхүү байдлаар эдийн засгийн бодлого судалгаан дээр үндэслээд алсаа харсан зоригтой шийдэл гаргаад явъя. Ингэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тогтолцооны хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй. Оруултлаа суултаа үргэлжлүүлэх болно. Иргэдээс гарын үсэг цуглуулна. Ийм өөрчлөлтийг яаралтай хийхгүй бол Монгол маань өрөндөө баригдаж, ядуу, иргэд нь ажилгүй, орлогогүй, ирээдүйдээ итгэлгүй, мөрөөдөлгүй боллоо. Энэ нийгэм ийм байж болохгүй. Ийм өөрчлөлтийг одоо л хийхгүй бол болохгүй нь” гэлээ.