Монгол Улсын гавьяат хуульч цолыг 120 хүн хүртжээ

2022-04-4 Мэдээ, мэдээлэл
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 69 дүгээр зарлигаар “Гавьяат хуульч” цолыг бий болгож хууль ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх их үйлсэд амжилт гаргасан хууль зүйн салбарын ажилтнуудад олгож эхэлснээс хойш эдүгээ 50 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ хугацаанд 35 хүн БНМАУ-ын, 85 хүн Монгол Улсын гавьяат хуульч цолыг хүртжээ. Өөрөөр хэлбэл, 1970-2020 онд нийт 120 хүн гавьяат хуульч цолны эзэд болсон байна. Үүний дотор Шүүхийн байгууллагаас 31, цагдаагийн байгууллагаас 23, прокурорын байгууллагаас 16 гавьяат хуульч төрөн гарсан нь хамгийн олон байна. Засаг захиргааны нэгжээр нь үзвэл Улаанбаатар 16, Завхан 12, Увс 12, Ховд 12, бусад аймагт 1-9 байна. Ховд аймгийн Дарви сумаас тав, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Говь-Алтай аймгийн Тонхил сумаас тус бүр гурван гавьяат хуульч төржээ. Эдгээрийн дотор хууль зүйн шинжлэх ухааны доктор найм, хууль зүйн доктор 15 байна.

Гавьяат цолтнуудаас мөн Хөдөлмөрийн баатар цолыг хоёр хүн, Ардын багш цолыг нэг хүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цолыг хоёр хүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин цолыг нэг хүн, цэргийн дээд цол генерал цолыг зургаан хүн, ОХУ-ын Буриад Улсын гавьяат хуульч цолыг хоёр хүн тус тус хүртсэн нь бахархууштай.

Цол хүртэгсдийн хамгийн ахмад настай нь 93 насандаа, хамгийн залуу нь 37 насандаа энэхүү цолны эзэд болжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэлтсийн дарга Ж.Бямбацогт, Бригадын генерал Т.Хүрэлбаатар нар төр түмнийхээ төлөө авьяас билиг, чадвар оюунаа дайчлан ажиллаж, гавьяат хуульч хэмээх алдар цол хүртсэн эрхмүүдийн талаар судалгаа хийж, “Монгол Улсын гавьяат хуульчид” номыг бүтээж, Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа хянан тохиолдуулж, Академич, философийн шинжлэх ухааны доктор Г.Чулуунбаатарсэтгэлийн цацал өргөсөн байна.

Зохиогчид номыг бүтээхдээ бичгийн болон аман ярианы сурвалжид тулгуурлаж, сонин хэвлэлд өгсөн ярилцлага, нийтлэл ашиглах, хамт ажиллаж байсан хүмүүс, гэр бүл, үр хүүхдүүдийнх нь дурсамж, мэргэжлийн байгууллагын үнэлгээг оруулахыг зорьсон нь уг номыг улам бүр амьд сонирхолтой болгожээ.

Гавьяат хуульчид нь өөр өөрийн амьдрал, хувь заяатай боловч “Монгол Улс” гэсэн ганц зорилгод хөтлөгдөж улс эх орныхоо хөгжилд, түүний дотор хууль зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг энэ бүтээлд тов тодорхой харуулсан байна.

Ном бүтээгчид номыг бүтээхийн тулд гавьяат хуульч нэг бүрийн хөрөг намтар, бүтээсэн өв соёлыг архивын сан хөмрөгөөс судалж их хэмжээний материал, мэдээлэл, ховор нандин зураг цуглуулж, багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулжээ. Энэхүү ном нь хууль зүйн салбарын түүхийн намтар судлалын төрөл зүйлд хамаарах эх сурвалжийн ач холбогдолтой судалгааны анхны бүтээл болсон гэж үзэж болно.

Гавьяат хуульчдын амьдрал, ажил үйлс, амжилт бүтээл нь хойч үеийнхэнд болон ялангуяа, залуу хуульчид, оюутан, сонсогчдод үлгэр дуурайлал, түүхэн сургамж болохын сацуу өргөн олон уншигчдад шинэ санаа, өөдрөг тэмүүлэл төрүүлэхүйц гавьяатны гавьяаг мөнхөлсөн гайхамшигтай бүтээл болжээ.

Номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.