Д.Тогтохсүрэн: Олон улсын хурцадмал байдлын улмаас эдийн засагт хүндрэл үүсэж байна

2022-03-28 Мэдээ мэдээлэл

Д.Тогтохсүрэн: Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд тодорхой хөтөлбөр, чиглэл гаргах хэрэгтэй

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.

Тэрбээр “Олон улсын хурцадмал байдлын улмаас эдийн засагт хүндрэл үүсэж байна. Иймээс энэ хүндрэлийг богино хугацаанд давж гарахын тулд УИХ шийдвэр гаргах хэрэгтэй юм. Иймээс Засгийн газарт ойрын хугацаанд тодорхой саналуудыг бэлтгэж, боловсруулаад УИХ-д оруулж ир гэдэг чиглэл өгсөн. Өнөөдөр экспорт хязгаарлагдмал нөхцөлд явж байгаа. Мөн импорт ч хязгаарлагдсан. ОХУ болон Европоос орж ирдэг импортууд тодорхой хүрээнд саатаж байна. Үүнтэй холбогдуулаад тодорхой арга хэмжээ авах шаардлага үүслээ. Мөн ОХУ, Украйн хоорондын дайнтай холбогдуулаад дэлхий дахинд шатахууны үнэ өсөж байна. Ер нь олон улсын нөхцөл байдал маш богино хугацаанд өөрчлөгдөж байна. Үүний улмаас эдийн засаг хүндэрч байгаа учраас тодорхой дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ. Түүнчлэн нөхцөл байдал цаашид ч энэ хэвээр удаан үргэлжэх болов уу гэж судлаачид дүгнэж байгаа юм. Тийм учраас Монгол Улс энэ хүндрэлийг даван туулахын тулд тодорхой хөтөлбөр, чиглэл гаргах хэрэгтэй.

Хоёрдугаарт, өнгөрсөн жил Б.Энхбаяр гишүүн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинй төслийг өргөн барьсан. Энэ бол орон сууцны эзэмшлийн газрыг оршин суугчдад нь эзэмшүүлье гэдэг хуулийн төсөл. Энэ хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлийн өдөр хэлэлцсэн. Хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь өөр өөр байсан. Ингээд гишүүдийнхээ байр суурийг нэгттгэх үүднээс МАН-ын бүлэг завсарлага авсан. Удалгүй чуулган өндөрлөсөн. Манай бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ” гэлээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.