Сэлэнгэчүүдэд мод тарих боломжийг төрөөс 100 хувь хангаж өгье

2022-03-27 Байгаль орчин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс “Дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих”-аа амласан. Мөн манай орны нийт нутгийн 76 хувь нь  цөлжөөд байна. Энэ хүрээнд мод тарих ажил ч эрчимтэй өрнөж, салбар яамнаас эл ажилд нэлээд анхаарал хандуулж буй. Гэвч өнөөдөр манай улсад тэрбум мод тарих боломж нөхцөл, чадал чинээ, хангалттай боловсон хүчин байгаа юу?

Тэгвэл төрийн тэргүүний дэлхийд амласан энэхүү томоохон ажлын гол түшиц нь Сэлэнгэ аймаг гэдэгт салбарын мэргэжилтнүүд санал нэгтэй байна. Тус аймгийн ойн сан 1.931.156 га талбай эзэлдэг. Ойн талбайг нутаг дэвсгэрийн хэмжээтэй харьцуулахад 43,6 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, эл аймаг нь ойгоороо Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр байранд ордог. Мөн хамгийн олон модны төрөл зүйлтэй гэдгээрээ онцлог. Жишээ нь шилмүүст модны таван төрөл тус аймагт байдаг. Энэ бол бусад аль ч аймагт байдаггүй онцлог төрөл зүйл. Мөн голын ай саваар бургас ихтэй, жинхэнэ ойн эх орон юм. Түүгээр зогсохгүй ойн нөөцөөсөө хамаараад улсын нийт хэрэгцээний модны ихэнх хувийг Хөвсгөл, Сэлэнгэ аймагт бэлтгэдэг. Тус аймаг нь жилд дунджаар хэрэглээ болон түлээ нийлээд 200 мян/шоо метр мод бэлтгэдэг аж.

 

Тэр ч утгаараа Сэлэнгэчүүд МОД ТАРИХ, СУУЛГАЦ БЭЛДЭХ ажилд хэдийнэ ханцуй шамлан оржээ.

Өнгөрөгч сард болсон “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Нэг ширхэг модыг нэг доллар гэж хар. Нэг үгээр хэлбэл, тэрбум долларын зах зээлийг бидэнд бий болгоод өгчихлөө. Энэ бол дотроо эргэлдэх дотоод зах зээл. Энэ модыг манай Сэлэнгэчүүд түүчээлэн тарьж, нийлүүлэгч аймаг болохоо зарлаж байна” хэмээн мэдэгдсэн… Үнэхээр тэд хоосон амлалт өгсөнгүй. Аймаг орноороо хөдөлмөрлөж байна. Хоёр сар гаруйн хугацаанд мэргэжлийн байгууллагуудаар судалгаа хийлгэж, үүнийхээ дагуу хуваарьт ажилдаа оржээ. Жишээ нь бүх ААНБ-ууд, иргэдэдээ мод хэрхэн, яаж тарих технологи аргачлалыг зааж, энэхүү ажил нь ч эхнээсээ өгөөжөө өгөөд эхэлж. Тухайлбал, 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-тэй болсон. Үүнээс хойших 11 жилийн хугацаанд Сэлэнгэ аймаг төв суурин болон ногоон байгууламжид 1.2 сая ширхэг мод бут, сөөг, ойн сангийн 12 мянга 970 га талбайд ойжуулалтын ажил хийж, 38 сая ширхэг мод тариад байгаа аж. Энэ нь улсдаа тэргүүлж буй үзүүлэлт юм. Үнэхээр тэд тарьсан мод бүхнээ ургуулж чаджээ. Гэвч бусад газар жил бүрийн хавар улс нийтээрээ цагаан бээлий, том хувин барьж мод тарьцгаадаг. Гэхдээ тордож, арчилдаг нь юусан билээ. Нэг үгээр мод тарих амархан ч тарьснаа ургуулж, арчлах бүр хэцүү. Учир нь өнгөрсөн хугацаанд тарьсан модноос хэд нь яг ургаж чадсан бэ гэдэгт хариулах хүн, харчих статистик алга.

Тэгвэл монгол орны аль бүс нутагт ойн үржүүлгийн газрыг өргөжүүлэх нь өгөөжтэй байх бол…

Хуучин соц нийгмийн үед Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Хэнтий аймагт томоохон баазуудыг байгуулж байсан. Гэвч өнөө үед энэ чиглэлээр мэргэжилтэн ховордож, материаллаг бааз ч гээд байх юмгүй болсон. Харин эл чиглэлээр “гэгээ”-тэй байгаа бүх боломж нөхцөл бүрдсэн цор ганц аймаг бол мөн л Сэлэнгэ гэдгийг ойн салбарынхан дуу нэгтэй хэлж байна. Ингэж хэлэхэд ч учир шалтгаан бий. Наанадаж л, уналтад орсон ойн салбар тус аймагт л хамгийн сайн дахин сэргэж буйд мэргэжилтнүүд санал нэгддэг. Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Сэлэнгэ аймагт бэлэн найман сая тарьц, суулгац байгаа. Үүний хоёр сая нь шууд энэ хавар бэлэн гарах боломжтой. Цаашдаа бид зөвлөгөөнөөрөө дамжуулаад Монгол Улсын нийт иргэдэд уриалаад энэ мод тарих хөдөлгөөнд нэгдүүлж чадах юм бол 2023 оны намар хоёр настай тарьц, суулгацаар улсаа хангаад цаашид үргэлжлүүлээд явах боломжтой. Энэ хугацаанд мод, тарьц, суулгац бэлтгэж байгаа, мод үржүүлж байгаа байгууллагуудаа дэмжих хэрэгтэй. Зах зээл нь байхгүй, хийсэн суулгац, тарьц нь дарагдаж байсан бол одоо ил гаргах зах зээлийг өөрөөр харж эхэлж байна” хэмээн мэдэгдсэн нь дээрх асуултад голч хариулт болж буй. Энэ мэтчилэн боломж нь байгаа газраа төр засгаас 100 хувь дэмжээд өгвөл, Сэлэнгэчүүдэд сэтгэл, хөдөлмөр, чин зүтгэл байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.