ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ХОЛБОГДОХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2022-03-25 Мэдээ мэдээлэл

Хуульд “виртуал хөрөнгө” гэх нэр томьёог тодорхойлсон бөгөөд эдийн бус хөрөнгөд хамааруулахаар зохицуулсан. Гэхдээ виртуал хөрөнгө нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл биш.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон нэр бүхий 13 өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэвлэгдсэнээр мөн сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос нийт 10 орчим харилцааг зохицуулахаар нэр бүхий 8 журмыг боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Одоогоор эхний 4 журмын төслүүдийг олон улсын тэргүүн туршлага, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/, олон улсын стандарт, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулж, олон нийтээс санал авахаар өнгөрсөн сарын 25-нд СЗХ-ны цахим сайтад байршуулсан.

Үүнтэй холбогдуулж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээс “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, бүртгэхэд тавих нөхцөл, шаардлагыг тогтоох журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын төслүүдэд санал авах хэлэлцүүлгийг танхим болон цахим хэлбэрээр энэ сарын 22-нд зохион явууллаа.

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ хамтран  зохион байгуулсан хэлэлцүүлэгт виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарын төлөөлөл, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын прокурорын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөл болон Азийн сангийн төлөөлөл зэрэг 80 гаруй этгээд оролцов.

Хэлэлцүүлгээр СЗХ болон эрх бүхий байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг мэдээллийг өгч, дээрх журмын төслүүдийг танилцуулсан юм. Мөн “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн төлөөлөл журмын төслүүдэд саналаа нэгтгэж танилцуулсан бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, үйлчлүүлэгч хөрөнгө оруулагчдын цахим аюулгүй байдал, үйл ажиллагаа, тайлан, мэдээ зэрэг асуудлуудыг хөндөж, саналуудыг тусгахаар хэлэлцлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.