Аспирин хорт хавдартай өвчтөнүүдийн насыг уртасгадаг

2017-07-3 Ертөнц

Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн амьдрах магадлалыг аспирин хоёр дахин нэмэгдүүлж байгааг Голландад хийсэн судалгаагаар тогтоожээ.

Ходоод, улаан хоолой, нойр булчирхайн хорт хавдартай хүмүүсийг судалж үзэхэд өдөр тутамдаа аспирин ууж хэрэглэдэг өвчтөнүүдийн 75 хувь нь таван жилээс дээш хугацаагаар амьдарсан байна. Тэгвэл аспириныг эмчилгээндээ хэрэглэдэггүй өвчтөнүүдийн хувьд амьдрах магадлал 42 хувьтай байжээ.

Үүнээс ч өмнө түрүү булчирхай, уушиг, хөхний хорт хавдартай хүмүүсийг хамруулсан судалгаагаар аспирин амьдрах хугацааг нь уртасгаж байгааг судалгаагаар баталсан байдаг. Хямд өртөгтэй, хаанаас ч худалдаж авч болох аспирин нь хорт хавдрын эсийг нуугдмал байдлаар агуулж байж болзошгүй цусны бөөмийн тоог багасгадгаараа ийнхүү өвчтөнүүдийн биеийн байдалд сайнаар нөлөөлдөг ажээ.  Өвчтөнүүд хорт хавдрын эмчилгээнд бус харин зүрхний шигдээсээс сэргийлж аспириныг тогтмол уудгаа хэлсэн байна. Тэгэхээр  зүрхний өвчин, хорт хавдар мөн зөнөх өвчин гэсэн гурван аюултай өвчний эсрэг нэгэн зэрэг үйлчилдгээрээ аспирин үнэхээр шилдэг эм гэдэг нь батлагдаж байна хэмээн Лейдений их сургуулийн судлаачид хэдхэн хоногийн өмнө Европын хорт хавдрын конгресст танилцуулсан илтгэлдээ дурджээ.

Гэхдээ хорт хавдартай хүн бүр аспириныг гарын дор гээд шууд өөрөө аваад ууж болохгүй. Дотуур цус алдах гэх мэт сөрөг нөлөө ч байдаг учраас заавал эмчтэйгээ зөвлөлдөж байж уух хэрэгтэй хэмээн судлаачид зөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хэсэг судлаачид мөн хорт хавдраас эдгэрсэн өвчтөнүүдэд аспирин хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгааны дүгнэлтээ танилцуулсан. Хөхний хорт хавдраар өвчлөөд эдгэрсэн 3000 эмэгтэйд өвчин нь дахин сэдрэх магадлал аспирин ууснаар буурсан эсэхийг үүгээр судалжээ. Ингэхэд хорт хавдраас эсэн мэнд үлдэх магадлалыг аспирин 50 хувиар нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байна.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.