Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд дэмжлэг үзүүлэх төв байгуулна

2022-02-23 Мэдээ, мэдээлэл

Хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын техникийн дэмжлэгийн хүрээнд байгуулахаар ажиллаж эхэлжээ.

Төвийн байрны дотоод засвар, тохижилтын ажил хийгдэж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын хүрээнд магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Улмаар ирэх 5-р сараас байрыг ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Нийгмийн хамгааллын яамнаас өглөө.

2021 онд 345 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гомдол бүртгэж, 317 хүүхдэд хэрэг шалгах, шийдвэрлэх хугацаанд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 253 хүүхдэд эрх зүйн туслалцаа үзүүлж, 304 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлжээ.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 26 долоо хоног, бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх дундаж хугацаа долоон долоо хоног, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 2 долоо хоног байдаг аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.