Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч буй хятад сурагчдын хувьд ирээдүйн амьдралыг нь шийдэх чухал өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн лхагва гарагаас Хятад даяар гаокао хэмээх элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж, өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа юм. Энэ удаагийн шалгалтад 9,4 сая хүүхэд орж буйгаас 3,7 сая нь л их сургуульд элсэх боломжтой юм. Асар их өрсөлдөөнтэй, дэлхийн бараг хамгийн хүнд шалгалт гэгддэг гаокаод төгсөгчид жилийн өмнөөс бэлтгэж эхэлдэг. Тэд ерөнхий боловсролын сургуульд үзэх ёстой хичээлийн хөтөлбөрөө өмнөх жилд нь багтааж үзэж дуусаад сүүлчийн нэг жилдээ өдөр шөнөгүй улсын шалгалтад бэлддэг аж.
Дэлхийд хүн амаар тэргүүлэгч БНХАУ-д нэр хүндтэй их сургуульд орох нь маш их хичээл зүтгэл шаарддаг учраас гаокао шалгалтад бэлтгэх нь төгсөх ангийн сурагчтай гэр бүлийн хувьд тун хариуцлагатай үе болж хувирдаг. Хэдий ядуу дорой гэр бүлээс гаралтай ч энэ шалгалтад тэнцэж, сайн сургуульд орж чадвал хөдөө тосгоны хүүхэд ч Бээжин, Шанхайг зүглэн, ирээдүйн амьдралаа өөрчлөх боломжтой учраас шалгалтад өндөр оноо авахын тулд гэр бүлээрээ хүчин зүтгэдэг аж. Энэ нь гаокао бол хамгийн хатуу, шударга шалгууртай, баян, ядуу үл хамааран ижил тэгш үйлчилдэг гарааны цэг болохыг харуулдаг. Тиймээс хөдөө тосгоны тааруухан амьдралтай айлуудын хувьд амьдралаа өөрчлөх алтан боломж гэж гаокаог үздэг байна.
Хүүхдээ тэнцүүлэхийн тулд эцэг эхчүүд энэ үеэр чадах бүхнээ хийдэг. Хэрэв сурагчдын гэр нь шалгалт авах цэгээс хол бол ойролцоо зочид буудал захиалж, хүүхдээ амраадаг байна. Шангри-ла зочид буудал гэхэд гаокаод зориулсан үйлчилгээний багц хүртэл гаргаж, сурагчдын стрессийг тайлах, спа, массажийг санал болгож байгаа аж.
Мөн шалгалтын өмнөх үед сурагчдын ой тогтоолтыг сайжруулахад нэмэртэй гэсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, жишээлбэл загасны тос, элдэв витамин, уламжлалт анагаахын эм тан их эрэлт хэрэгцээтэй болдог байна. Охидууд зөвхөн давтлагадаа анхаарах гэж сарын тэмдгээ хүртэл хойшлуулах эм хэрэглэж, хөвгүүд ядаргаанаас сэргийлэн дусал залгуулдаг байна.
Хүүхдүүддээ санаа зовсон эцэг эхчүүд энэ өдрүүдэд сүм хийдийг зорьж, аз авчирна гэсэн шашны эд зүйлийг худалдан авдаг. Хүүхдүүдийн амжилтад зөвхөн гэр бүлийнхнээр нь зогсохгүй орон нутгийн засаг захиргаанаас ч их анхаарч, шалгалтын өдрүүдэд их дуу чимээ гаргахаас сэрэмжлэн зам барилгын ажлыг зогсоодог байна. Гудамжинд бүжиг хийдэг иргэд ч энэ өдрүүдэд хөгжмөө хангинуулахаа зогсоож, машины дуу чимээг багасгахын тулд зарим замын хөдөлгөөнийг ч хаадаг аж.
Гаокао нь үндэсний дээд боловсролын элсэлтэй шалгалт гэсэн албан ёсны нэрийг товчилсон “дээд шалгалт” гэсэн утгатай үг аж. Анх 1952 оноос зохион байгуулж эхэлсэн энэ шалгалтад хуулаад ч болов тэнцэх гэсэн оролдлого цөөнгүй гардаг. Маш боловсронгуй аргаар хуулах арга техник боловсруулдаг явдлыг зогсоож, хүүхдүүдийг чин үнэн мэдлэгээр нь шалгахын тулд өнгөрсөн жилээс улсын хэмжээний шалгалтад хуулсан нэгэнд эрүүгийн хариуцлага тооцож, 7 жил хүртэл хорих ялтай болгосон юм. Гаокаогоор хятад хэл, математик болон англи хэлний шалгалтыг заавал өгөх ёстой бөгөөд сурагчийн сонголтоор нэмэлт нэг хичээлийн шалгалт мөн авдаг аж.
Их сургуульд элсэх хуваарь нь засаг захиргааны нэгж дэх хүн амын тооноос хамааран харилцан адилгүй ирдэг нь маргааны эх үүсвэр болж, хөдөө орон нутгаас хотод ажиллахаар ирсэн цагаач гэр бүлийн хүүхдүүдэд хүндрэл учруулдаг байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.