Эр нөхрөө хүндэтгэх ёсон

2017-06-9 Гэр бүл

Эр нөхрөө бишрэн хүндэлснээр гэрлэлтээ хэрхэн аварч болох талаар өгүүлэх болно. Хайртай бүсгүйдээ үнэлэгддэггүй эр хүн цог жавхаагүй, сэтгэл гундуу, гунигтай байдаг. Тэгэхээр бүсгүй таны ханийнхаа төлөө хийх ёстой хамгийн эхний зүйл бол түүний №1 шүтэн бишрэгч болох явдал юм. Энэ нь таны хүүд ч хамаатай.

Учир нь энэ хүйснийхэн багаасаа л хүндлүүлэхийг хүсэмжилж эхэлдэг.Эрэгтэй хүүхэд хүндэтгэлээр дутагдвал өөртөө итгэлгүй болдог. Тиймээс бүсгүй та өөрийн хайртай хань, найз залуугаас гадна аав, ах, хүү, эрэгтэй дүүдээ бишрэл хүндэтгэлийг үзүүлэхэд буруудахгүй. Хамгийн сайхан нь таны энэ үйлдлийн хариу амьдралд үнэхээр гайхамшигтайгаар ирэх болно гэдгийг амлая.

Эр нөхрөө хүндлэх нь: Нөхрөө биширч байгаагаа, түүний сайн талуудад баярлаж байгаагаа илэрхийлж бай. Гэхдээ үүнийг чин сэтгэлээсээ хийх ёстой. Ихэнх эмэгтэйчүүд хэрхэн хэлэх аргаа олдоггүй. Олон удаа оролдсон ч буцдаг, ичдэг. Хэлэх гэхээр аман дээр нь гарч ирдэггүй. Та үнэхээр л гэрлэлтээ аврахыг хүсч байгаа бол үүнийг эргэлзэлгүйгээр шууд хий. Гэхдээ зүгээр л “Чи сайн хүн шүү. Би чамд баярладаг” гэх нь учир дутагдалтай, хайртынхаа яг юунд сайн байсныг нь сануул. Тухайлбал “Хайрт минь, чи хэцүү үеүдэд зах дээр ажиллаад мөнгө олж байсан. Найз нь тэр бүхэнд чинь үнэхээр их баярладаг шүү” гэж хэл.

Та эр нөхрөө хэрхэн хүндлэх ёстой вэ?

1. Эр хүнийх нь хувьд бие галбираар нь бахарх. Өө сэвийг нь бүү шоол.

2. Ур чадварыг нь магт.

3. Хүрсэн амжилтыг нь сайшаа.

4. Хүсэл мөрөөдөл, зорилгыг нь дэмж.

5. Үүргээ сайн гүйцэтгэж байгаад нь таларх. Таны төлөө юу хийж байгааг ажиглаж, үнэлэн сайшаах боломжийг бүү алд. Сонс. Өөрийг нь сонсдоггүй эмэгтэй тэдэнд цэвдэг санагддаг. Энэ нь хүйтэн эмэгтэй гэх тодотгол өгдөг.

Жишээ: Нэгэн бүсгүйн нөхөр олон хүний дэргэд эг маг гээд олигтой ярьж чаддаггүй байв. Тиймээс эхнэр нь нөхрийнхөө өмнүүр орж айлчилж ирсэн зочид, найз нөхөдтэйгөө ярьдаг байжээ. Тэгсээр нэг л мэдэхэд нөхөр нь бүдгэрчээ. Харин санаандгүй тохиолдлоор бүсгүй Хэлен Эндилиний “Гайхамшигт эмэгтэй” лекцэнд сууснаар өөрийнхөө алдааг олж харсан байна. Тэрээр нэгэн амралтын өдөр найз нөхдөө гэртээ урьжээ. Зочдын дунд суусан нөхөр нь урьдын адил биеэ барьж суув. Харин бүсгүй, нөхрөө илт дэмжиж, эг магхан яриаг нь чих тавин амтархан сонссон байна. Энэ нь түүний нөхөрт гайхамшигтайгаар нөлөөлж, өөртөө итгэх итгэлийг олж авав. Удалгүй эхнэрээс нь гадна зочид нь залуу руу анхаарлаа хандуулцгаасан байна. Бүрэг даруухан залууд энэ удаа хэзээ ч мэдэрч байгаагүй сайхан мэдрэмж төржээ. Хожим тэр залуу уран илтгэгч болтлоо өсч чадсан юм. Энэ түүхээс харахад, эмэгтэй хүн гэдэг эр нөхрөө бишрэн хүндэлж, тэргүүнд тавьж чадвал түүнийхээ авьяас чадварыг нээж, амжилтанд хүргэдэг увдистай аж.

Бас нэгэн жишээ: Жаахан охид айл гэр болж тоглох дуртай байдаг. Тэдний тоглоомыг ажиглах юм бол хүүхдээ асарч, гэрээ цэвэрлэх гэх мэт үйл явдлыг өрнүүлж байгаа нь анзаарагддаг. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл эмэгтэйчүүд бид гэр бүлийн амьдрал дээр мөн л ийм хандлагаар амьдарч байгааг харуулж байгаа хэрэг. Бид үр хүүхэд, орон гэртээ хамаг анхаарлаа хандуулаад харин нөхрөө мартдаг. Ингээд л эхнэртээ мартагдсан нөхрүүд өөрийг нь бишрэн хүндлэх өөр бүсгүйг хайж эхэлдэг. Энэ үед тэднийг жинхэнэ эр хүн гэж харан, биширч хүндэлсэн өөр эмэгтэй гарч ирэх нь бий. Үүнээс үүдэн, гэр бүлийн харилцаанд ан цав үүсч, бид нөхрөө алддаг. Харин та нөхрийнхөө бишрүүлж хүндлүүлэх гол хэрэгцээг хангаж чадвал та хоёрын хооронд ямар ч эмэгтэй орж чадахгүй.

Эр нөхрийг тэргүүнд тавих нь Хүүхэд: Нөхрөө хүүхдээсээ доогуур бүү тавь. Хэрвээ нөхөр тань өөр хотод ажиллахаар томилогдвол түүний шийдвэрийг хүндэтгэ. Энэ тохиолдолд ихэнх эмэгтэйчүүд хүүхдээ дассан сургууль, найз нөхдөөс нь холдуулахгүй гэж эсэргүүцдэг. Гэр орон: Ихэнх эмэгтэйчүүд орон гэрээ зөвхөн өөрийнхөө таашаалд нийцүүлэх гэж оролддог. Гэтэл гэр орон бол ганцхан таны төлөө биш гэрт амьдарч байгаа хүн бүрт зориулагдсан гэдгийг бүү март.

Гадаад үзэмж: Монгол эзэгтэй хоолгүй хоноод ч хамаагүй хувцас авч өмсдөг. Гэхдээ загвар хөөж, гангарч гоодохоо нөхрөөсөө илүү бүү тавь.

Эцэг эх: Эр нөхөртэйгөө нэгэн бие бол. Түүнийг үр хүүхэд болон ээж аавынхаа дараа тавих хэрэггүй.

Мөнгө ба амжилт: Эрэгтэй хүнийг “Мөнгөний хүүдий” гэж хардаг бүсгүй хүнийг эрчүүд “Сольж болох бээлий” гэж үздэг. Нөхрийнхөө өмнөөс битгий төлөвлө. Түүнийхээ хүсэл мөрөөдлийг хүндэтгэ. Хэрэв та түүнээс амжилт хүсч байгаа бол эрсдлийг ч бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Авъяас чадвар: Өөрийнхөө авъяас чадварыг нөхрөөсөө илүүд бүү үз. Амжилттай яваа бүсгүйчүүд нэгдүгээрт нөхрөө тавьсан байдаг.

Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хэддүгээрт тавьдаг бол?

Бүсгүй хүн бүхэн өөрийгөө эр нөхөртөө нэгдүгээрт байдаг гэж боддог. Гэтэл эр хүн ажлаа нэгт тавьдаг. Үүнд бүсгүй та бүү бухимдаарай. Жаахан зүйлийг л ойлгох гээд оролдох юм бол та нөхрийгөө өөрийн эрхгүй хайрлах болно. Ажил хийх нь тэдний хувьд гэр бүлийнхээ төлөө гүйцэтгэдэг хамгийн том үүрэг. Тэр танд л аз жаргал бэлэглэх гэж ажилладаг. Тиймээс нөхөр тань ажлаа нэгдүгээрт тавьдаг.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.