Шилэрсэн ат хайж яваад хавтгай хөөдөг нийслэл хүүгийн тухай кино бий. Асар холоос ирэх аюулыг урьдчилан мэдэж, бартаа саад хад асгад торохгүй хурдан зугатах энэ амьтанд биеэ хамгаалах чадварыг байгаль эх харамгүй өгчээ. 10 гаруй км хол зайд байгаа хүний барааг харж зугатдаг тухай саяхан хавтгайн тооллогод оролцсон эрдэмтэн Р.Мөнхбаатар өгүүлсэн байна билээ. Хавтгайг хавтгай хэмээн нэрийдэх болсон нь учиртай. Хоёр бөхт тэмээнд байдаг өрөвлөг зэрлэг тэмээнд байхгүйгаас хавтгай толгойтой харагддаг учир ийнхүү нэршжээ. Толгойн өрөвлөгнөөс гадна зогдор, үс ноос тэмээтэй харьцуулахад бага байна. Гэршсэн тэмээнээс илүү авхаалжтай, гайхалтай сайн хөгжсөн гадаад мэдрэмжээрээ эрс ялгардаг. Жаахан хошин жишээгээр тайлбарлавал тэмээг өнөө цагийн жин ихтэй, тарга сайтай, тэр хэрээр удаан хөдөлгөөнтэй орчин цагийн бөхчүүдтэй жишиж болно. Харин хавтгайг булчин шөрмөс сайтай, хурдан шаламгай эрт үеийн бөхчүүдтэй зүйрлэж болно. Зэгзгэр бие, жижиг бөх, нарийн урт чац, тачир шингэн зогдортой, тэмээтэй харьцуулахад цайвар зүстэй.
Хавтгайн хараа сайн хөгжсөн байдаг тухай дээр өгүүлсэн. Тэгвэл сонсгол нь гойд сэргэг, үнэрлэх чадвар нь төгс байдаг аж.Тэсвэр ихтэй, хэр баргийн өвчин тусдаггүй өвөрмөц онцлогтой энэ амьтан ховордох болсон шалтгаан нь хүний нөлөөнөөс үүдэлтэй. Орчны таагүй байдал, усны хомсдол, эрлийзжилт, халдварт өвчин зэрэг нэрмээс бий. Говийн баянбүрд дэх усан цэгүүд цөөрсөн нь зэрлэг тэмээг өмнөд хөрш рүү дайжих бас нэг шалтгаан болоод буй. Хавтгай бэлчээр, идэш хоолоо сүүлийн үед хэт олширч буй мал, гэрийн тэмээнд ч алдаж байгаа нь урагшаа нүүдэллэх хангалттай шалтгаан болно. Монголын говиос “Эльдарода”-г хайсан нинжа нар тэнэгэр нутагтаа тэнхлүүн явж байсан зэрлэг тэмээний ая тухыг алдагдуулж байгаа тухай мэдээлэл ч бий.
Н.М.Пржевальскийн тэмээ
Хавтгай нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Биеийн өндөр 250-360 орчим см урт, сэрвээгээрээ 180-210 см өндөр. Оросын судлаач, эрдэмтэн Н.М.Пржевальский монголын талаас зэрлэг адуу олж алдаршсанаар барахгүй тэрхүү адууг өөрийнхөө нэрээр овоглуулсан бол хоёр дахь удаа ирэхдээ говийн баян бүрдүүдэд зэрлэг тэмээ байдаг тухай нотолж, шинжлэх ухаан хавтгайг “сонирхож” эхэлжээ. Хашир судлаачийн нэр хавтгайтай мөнхөрч Camelus ferus, Przewalskii хэмээн тэмдэглэх болсон юм. Амьтан судлалын нийгэмлэг эволюцийн хувьд тусдаа, устах аюулд орсон зүйл (EDGE) хөтөлбөрийн жагсаалтын наймдугаарт хавтгайг бүртгэсэн нь тэрхүү бодгалийг гойд сонирхож үзсэнийх биз ээ. Англид хавтгай хамгаалах сан хүртэл байгуулагдаж асар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Монгол Улсын амьтны аймгийн тухай хуулийн 7.1-д нэн ховор зэрэглэлээр хамгаалагдаж, агнахыг нь 1930 оноос хориглосон ба ан агнуурын тухай 1995 оны хуулиар нэн ховор зүйлийн жагсаалтанд оруулсан байдаг.
1970-аад оны сүүлээр Их говийн дархан газрыг тусгай хамгаалттай болгосоноор тухайн үедээ хавтгай тэмээ устах аюулаас мултарчээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ховордсон ан амьтныг унаган байгальд нь хадгалан хамгаалах ажлыг сайжруулж, хавтгай тэмээ зэрэг нэн ховор амьтдыг идээшил нутагт нь өсгөн үржүүлэх, тэдгээрийн генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглах”-аар зааж, БОАЖЯ-наас гадаад, дотоодын судлаачдыг хамруулсан томоохон хурал зохион байгуулж, “Хавтгай хамгаалах үндэсний хөтөлбөр” боловсруулсан юм. Гэвч өнөөх л олон хөтөлбөр, төслийн нэг адил цаасан дээр үлдсэн хэмээн амьтан судлаачид шүүмжлэх юм билээ.
Хавтгай судлал
Монголчууд хавтгай тэмээг тоолох гэж хэд хэдэн удаагийн оролдлого хийсэн бөгөөд тухай бүртээ өөр өөр тоо гаргаж байсан нь сонирхолтой. 70 гаруй жилийн өмнө Монголд 300-гаад хавтгай байсан гэх тоо дуулддаг бол 1980-аад оны эхээр “АН- 2” онгоц, автомашин ашиглан, Алтайн цаад говьд тооллого явуулахад 400 орчим тоологдсон гэх. Тэгвэл Говийн их дархан цаазат газрын мэргэжилтнүүд 1982-1988 онд хавтгайн тоо толгой 500-600-гийн хооронд хэлбэлзэж байна гэж тооцоолжээ. Түүнээс 10 орчим жилийн дараа Монгол, АНУ, Германы судлаачид хамтран тоолоод нэлээд нарийвчилсан байдлаар гаргаж, 802 хавтгай бий гэж мэдээлсэн байна.Энэ мэтээр тооллого бүрийн дүн зөрж байдаг нь судалгааны арга, боловсруулалт, судалгаа хийсэн газар нутгийн хэмжээ зэргээс хамаардаг гэнэ. Үндсэндээ саяхныг хүртэл бүрэн хэмжээний тооллого хийж чадаагүй гэсэн үг.
Хамгийн сүүлд БОНХЯ-ны захиалгаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУБИС, Хавтгай тэмээ хамгаалах сан, БХЭОЗХ хамтран, 2012 оны намар хавтгайн тооллого хийж, Монгол Улс 800 гаруй хавтгайтай гэж дүгнэжээ.
АНУ-ын Денверийн амьтны хүрээлэнгээс Байгаль орчны яамтай хамтран хавтгайн байршил, нүүдлийн замыг тодорхойлох, ажиглалт хийх зорилгоор 2003 онд нэг хавтгайд дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Мөн олон улсын “Тахь” групп, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран 2007 онд хавтгайн гурван буур, хоёр ингэнд хүзүүвч зүүжээ. Гэвч нэг хавтгайнхаас бусад хүзүүвчний дохиолол ажиллаагүй гэнэ. 1998 онд хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах талаар БОЯ, ШУА, МУИС, Улсын багшийн их сургууль, ХААИС, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгчид оролцсон зөвлөлгөөн болж, хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах, нөхөн сэргээх тухай санамж бичиг баталжээ. 2003 онд Английн Хавтгай хамгаалах сан, Ховор амьтан хамгаалах үндэсний комиссын дэмжлэгээр хавтгайг гаршуулж үржүүлэх гэж үзсэн ч төдийлөн амжилт олсонгүй. Гаршуулсан хавтгай өсөлт муутай байгаа гэнэ. . Зэрлэг тэмээ Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн таван сумын 44 мянган ам км нутаг дэвсгэрт нутагладаг (1980-аад оны үед) гэж үздэг байсан бол өдгөө Майхан ус, Хар хайрхны нуруу, баруун урагшаа Сайрын хошууны булаг, Гурван шар уул, Бэлийн хэлтэс, Нүдэн булаг, зүүн тийш Талын мэлтэс, Наран сэвстэй, Булган хошууны нурууны урд бэл, Хатан суудлын нурууны өвөр бэл, зүүн хойшоо Хөх хулсны нуруу, Ланзатын нурууны зүүн хэсэг, хойд зүгт Эдрэнгийн нурууны зүүн өмнөд болон өвөр бэлээр Цулбуур харын нуруу хүртэлх 29.000 ам км нутагт амьдарч байна.
Хавтгай хамгаалал
Дээр өгүүлсэнээр 1930 онд хавтгайг агнахыг хориглосноос хойш хамгаалах үржүүлэх асуудалд Монголчууд хэтэрхий хайнга хандаж байсан нь харагддаг. Хавтгайн нутаг болох Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд төсөвлөдөг мөнгөний 70 илүү хувийг ажиллагсдын цалин байдаг мөн чамгүй хувь нь урсгал бусад ажилд зарцуулагдана. Тусгай хамгаалалттай газарт идээшиж амьдардаг хавтгай болон бусад говийн амьтдыг хамгаалах, өсгөж үржүүлэх, судлах төсөв огт байдаггүй учир амьтны зөнд нь найдаад орхидог аж. Тэгвэл хавтгайн өөр нэг эх орон болох Хятадад зэрлэг тэмээний тоо толгой байнга өсч байгаа гэх мэдээллийг өгч байна. Хятадын Засгийн газраас Монгол Улстай хил залгаа Шиньжаны Лоб нуур орчим, мөн Ганьсү мужид хавтгай хамгаалах байгалийн хамгаалалтын бүсийг байгуулсан юм. 2003 онд байгуулагдсан уг газар 78 мянган ам км газар нутгийг хамарна. Их хэмжээний хөрөнгө зарцуулж, тооллого, судалгаа шинжилгээг байнга хийдэг аж. Хятадад хавтгайн тоо толгой өсөх эхний шалтгаан нь энэ бол нөгөөх нь хавтгайн сүрэг Монголын нутгаас хил давсан хавтгай нийлдэг аж.
Говь-Алтай аймгийн Атас Ингэсийн хоолойд ихэр ботготой хавтгай байгааг Их говийн дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд тогтоосон байна. Энэхүү үзэгдэл нь хавтгайн ихэр ботго тэмдэглэгдсэн анхны тохиолдол ажээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.