Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

2021-11-30 Боловсрол

­Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор явуулын түр цэг ажиллуулж байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулж байна.

75 их, дээд сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж.

Дархлаажуулалтын явуулын баг 12 дугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллана. Оюутан, залуус, багш, ажилчид та бүхэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдаарай гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.