Манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн төсөлтэй холбоотой тусгай зориулалтын компанийг өнгөрсөн нэгдүгээр сард байгуулж, инженер техникийн алба хаагчид нь Монгол Улсад байршиж техник эдийн засгийн үнэлгээ хийж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр “Газпром” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөн Монгол Улсад хүрэлцэн ирж төр засгийн албан хаагчидтай уулзсан. Үүний дараа ТЭЗҮ-ийг бодитоор хийж, хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон байна. Төслийн хүрээнд БНХАУ-ын Эрээн хот болон Замын-Үүд хүртэлх 960,5 км хийн хоолой татах юм.
Хийн хоолой ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хиагтын чиглэлээр орж ирнэ. ТЭЗҮ өнөөдрийн байдлаар 70 хувьтай яваа бөгөөд энэ онд хийж дуусахаар төлөвлөжээ. Хийн хоолой татах стандартыг баталж, ТЭЗҮ боловсруулах ажил дууссанаар инженер техникийн нарийвчилсан ажилдаа орох юм байна. Энэхүү төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил хоёр жил үргэлжилнэ. Зураг төсөл боловсруулсны дараа Засгийн газрын хэлэлцээр эхлэх аж. Энэ хэлэлцээрээр үнэ тариф, хэн ямар үүрэг хүлээхийг нарийн тодорхой болгоно гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо. Манай талаас байгалийн хийн хоолойтой холбоотой хуулийн төсөл боловсруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой тавих тухай гурван улсын Засгийн газрын хэлэлцээрт үндэслэж, ямар хугацаанд хэрэгжүүлэх гүйцэтгэх барилгын ажил явуулах төлөвлөгөөгөө гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин