Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Уусын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019 онд эхлүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, манай улсад анх удаа гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн хангах зориулалттай, орчин үеийн шийдэл, технологи бүхий ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занпаншатар оролцлоо.
Завхан голоос Говь-Алтай аймгийн тѳв хүртэл нийт 54 км урт ус дамжуулах шугам хоолойг дагалдах тоног тѳхѳѳрѳмжийн хамт суурилуулснаар, Алтай хотын 19000 гаруй иргэнийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах юм.
“Тайшир-Алтай” ус цэвэршүүлэх станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулан хүн ам, аж үйлдвэр, фермерийн усан хангамжийг шийдвэрлэхээс гадна Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нѳѳцийн баталгаат эх үүсвэртэй болох, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нѳхцөлийг сайжруулах зэрэг ач холбогдолтой ажээ.
Цэвэр цэнгэг гадаргын ус хэрэглэснээр хүн амын дунд халдварт өвчний тархалт болон усны чанараас үүдэлтэй өвчлөл эрс буурч, байнгын, жигд усан хангамжтай болсноор дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудлууд ч шийдэгдэх боломж бүрдэх юм байна.