Хэдэн орны төрийн дуулал хоорондоо адилхан байдаг вэ

2017-08-8 Ертөнц

Зарим улс орнуудын төрийн дуулал яагаад ч юм хоорондоо адилхан байхыг та хаа нэгтээ анзаарч л байсан биз дээ. Уг нь, дахин давтагдашгүй, цор ганц, онцгой, сүр жавхлантай, эх оронч, баатарлаг гэх мэт маш олон шинжийг агуулах ёстой ганц дуу бол төрийн дуулал билээ. Ихэнх улс орон төрийн дууллаа сонгохдоо өндөр ач холбогдол өгч, улс даяараа уралдаан тэмцээн зарлан явуулж, шилж сонгож байж бүтээдэг ч тэр нь хэзээ ч юм сонссон аялгуутай төстэй сонсогдох тохиолдол бишгүй бий. Яг ийм тохиолдол Боснид 1998 онд гарсан юм. Иргэний дайны дараа үндэснийхээ эх оронч үзлийг сэргээх зорилгоор хөгжмийн зохиолчдын дунд төрийн дуулал зохиох уралдаан зарлаж, Дюзан Сестик шалгарчээ. Ядруухан хөгжмийн зохиолч ядаж хоёр, гуравдугаар байрт орвол мөнгө нь хэрэгтэй гэж бодоод төрийн дууллыг зохиосон ч түрүүлчихжээ. Түүнээс арван жилийн дараа төрийн дууллын үгийг зохиох уралдаан зохиоход тэр бас л ялсан байна. Гэвч тухай бүртээ тэр үндэсний үзэлтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд эцэстээ бүтээл нь хулгайн ая болж таарсан юм. 1998 онд зохиосон ая нь “National Lampoon’s Animal House” гэдэг 1978 оны кино эхлэхэд явдаг аятай туйлын адилхан байгааг хэзээ хойно 2009 онд хүмүүс олж мэджээ. Боснийн ард түмэн энэ явдалд дургүйцэж, зарим хэвлэлийнхэн киноны хөгжмийн зохиолчтой холбоо барьж, бүр Дюзан Сестикийн эсрэг шүүхээр заргалдахыг санал болгож байжээ. Гэвч Дюзан Сестик эцсээ хүртэл тэр хөгжмийг хулгайлаагүй гэж өөрийгөө хамгаалсаар байсан бөгөөд магадгүй залуудаа хаа нэгтээ сонссон ая тархинд нь үлдсэн байж мэдэх юм. Гэхдээ л үүнийг хуулбарласан гэж үзэх болохгүй хэмээн зүтгэсээр байжээ.

Төрийн дуулал зохиож хүндлэл хүлээсэн ч эцэстээ хулгайчаар дуудуулсан явдал ганцхан Дюзан Сестикт тохиолдоогүй аж. Франциско Хосе Дебалигийн 1846 онд зохиосон Уругвайн төрийн дуулал багахан дуурь шиг тун сонсголонтой аятай. Гэхдээ төрийн дууллын гол аялгуу нь яах аргагүй Доницеттигийн “Lucrezia Borgia” хэмээх дуурийн нэг хэсэг байдаг. Энэ дуурь болон төрийн дуулал хоёрт яг ижилхэн есөн нот байдаг аж. Хөгжмийн зохиолч Дебали ердөө есөн нот ижилхэн гэж өөрийгөө хамгаалдаг ч тэр есөн нот нь хоёр цаг үргэлжилдэг дуурийн 25 хувьд нь эгшиглэдэг гол аялгуу нь ажээ.

Аргентиний төрийн дууллыг ч Клементигийн хөгжмийн нэг хэсэг гэж үздэг. Ер нь, төрийн дууллыг хуулбарлах, дуурайх нь бүр эртнээс уламжлалтай бололтой. Хамгийн эртний төрийн дууллын нэг гэж үздэг Их Британийн “Бурхан Хааныг аварна” дууг хаант засагтай олон орон шууд хуулбарлаад төрийн дууллаа болгосон байдаг. Дууны аяыг хуулж, өөр өөрсдийнхөөрөө шүлэг зохиогоод  Дани, Германы зарим муж, бүр Орост хүртэл төрийн дууллаа болгож байжээ.

Ихэнх улс орнууд төрийн дууллыг үндэснийхээ давтагдашгүй хэв шинжийг агуулсан байх ёстой гэж үздэг ч тэгж огт үздэггүй, гадаад дууны аяыг тэр чигээр нь хуулбарласан улсууд ч байна. Түүний нэг бол Лихтенштейн. Хэрэв Лихтенштейний төрийн дууллыг сонсвол “Рейн мөрний дээгүүр” хэмээх англи дууны үгийг нь өөрчилснөөс өөр зүйлгүй байх жишээтэй.

Төрийн дуулал нь хоорондоо адилхан улсуудын тухай Эстони, Финляндынх  нэг ижил аятай байдаг. Хоёр улсын төрийн дуулал болсон аяыг хөгжмийн зохиолч Фредрик Пациус герман ардын найрын нэгэн дуун дээр үндэслэн зохиосон гэдэг.

Ер нь төрийн дуулал дунд ардын дууны аяыг дэвсгэрлэж хийсэн нь цөөнгүй байдаг аж. Тухайлбал, Израилийн “Итгэл” хэмээх төрийн дууллыг Самуэл Кохен зохиохдоо Румыний уламжлалт аялгуунаас авсан гэдэг. Харин зарим мэргэжилтэн түүнийг Чехийн хөгжмийн зохиолч Бедрич Сметанагийн хөгжмийн бүтээлээс хулгайлсан ч гэж үздэг байна.

Өмнөд Африк, Замби, Танзани улсуудын төрийн дуулал хоорондоо адилхан байдаг бол Өмнөд Солонгос, Малдив ч нэгэн үе “Auld Lang Syne” хэмээх алдартай аялгууг ашиглаж байсан юм. Шотландаас ирсэн сүмийнхэн “Auld Lang Syne” дууг Өмнөд Солонгост дэлгэрүүлснээр төрийн дуулалд нь шингэж байсан гэдэг.

Дэлхийн хамгийн алдартай төрийн дууллын нэг АНУ-ын  “Одод гялалзсан далбаа” ч оригиналь биш гэлцдэг.  “To Anacreon in Heaven” хэмээх английн хуучны найрын дууны аяыг ашиглаж энэ дууг зохиосон гэдэг юм. Тийм ч учраас анх төрийн дууллаар сонгох үед Америкийн улстөрчид нэлээн маргалдаж байжээ.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.