Барилга, хот байгуулалтын яамнаас барилгын материалын үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Тус яамны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд “Орон сууцны үнэ барилгын материалын үнэ дагаад өсөж байна. Мөн ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш эрэлт нэмэгдсэн. Оны эхний найман сарын байдлаар 822 тэрбум төгрөгийн зээлийг 10 мянган зээлдэгчдэд олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин их үзүүлэлт. Энэ онд орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо 12 мянгад хүрэх болов уу гэсэн таамаглал байна.
Барилгын материалын үнэ 40 хувь нэмэгдсэн ч шинэ барилгын үнэ 20 хувь нэмэгдэж байна. 2020 онд орон сууцны нэг метр квадратын дундаж үнэ 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7 сая төгрөг болсон нь материал дагасан өсөлт.
Орон сууцны нийлүүлэлтийн судалгааг хийхэд өнгөрсөн есдүгээр сард л гэхэд 13560 байр ашиглалтад орсон ба одоо баригдаж байгаа 32 мянган орон сууц байна. Үүний 12 мянга нь энэ онд ашиглалтад орно.
Мөн улсын хэмжээнд төрийн өмчит 5000 айлын түрээсийн орон сууц байдгаас 3000 нь нийслэлд бий. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг метр квадратыг иргэд 6000 төгрөгөөр түрээсэлдэг. Дунджаар 40 мкв байрны сарын түрээс 240 мянган төгрөг байдаг” гэлээ.