Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” хэрэгжиж байна.
Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14 сая 985 мянган еврогийн өртөг бүхий дөрвөн төрлийн 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлж дуусах юм. Эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг хүлээн авах арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болно.
Гал түймэр унтраах үндсэн албаны автомашин хүлээн авч байгаатай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг 2021 оны есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Өнөөдөр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага шинэ автомашин хүлээн авна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.