Хэлмэгдэж шийтгэгдсэн гэх иргэдээс 31357 иргэнийг цагаатгажээ

2021-09-10 Мэдээ мэдээлэл

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал  1996 онд гаргаж, түүнээс хойш 26 дахь жилдээ улс төрийн хэлмэгдсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Өнөөдөр /2021.09.10/ ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын  комиссын дарга С.Одонтуяа нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Өнөөдрийн байдлаар улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн гэх иргэдээс  31357 иргэнийг цагаатгасан байна. Хэлмэгдэгcдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр жил бүр  ном, бүтээлийг хэвлүүлэн гаргадаг бөгөөд 2021 онд “Дилов хутагт Жамсранжавын дуртгал” ном, “Завхан аймгаас улс төрийн хилт хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан хүмүүс” эмхэтгэлийг хэвлэн гаргаж олон нийтийн хүртээл болгожээ. Улсын хэмжээнд дээрх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй объектыг байгуулсан байна.

Мөн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр  УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд энэ үеэр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.