Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орох төлөвтэй байгаа учраас үер усны аюулаас сэрэмжлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Их хэмжээний бороо орсны улмаас автозамын зорчих хөдөлгөөн хаагдаж, гүүр, зам эвдэрсэн зэрэг асуудал орон нутагт үүсч байгаа учир зарим аймаг, сумд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаж буй.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн сумдаар үргэлжилсэн бороо орж байгаагаас гол ус үерлэх, зам харгуй хаагдах тохиолдол гарч байна. Аймгийн Төмөрбулаг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнтогтох сумдаас Мөрөн сумыг чиглэсэн хөдөлгөөнийг хааж, иргэд болон тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд цагдаагийн газрын алба хаагчид хяналт тавин 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.
Усны түвшин нэмэгдсээр байгаа тул иргэд эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг Онцгой байдлын албанаас анхаарууллаа. Мөн Говь-Алтай аймагт өчигдөр хүчтэй аадар бороо орсон бөгөөд замын хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд хааж магадгүй гэдгийг цахим хуудастаа бичжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай суманд өчигдөр 15:30-16:10 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсоны улмаас үер бууж аж ахуй нэгж, албан газрын зоорийн давхарт үерийн ус орсон тухай нийт 37 дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Алба хаагчид айлуудыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, “Түмэн”, “Жаргалант”, “Харзат”, “Баянхайрхан”, “Оргил” багийн 23 айлд заавар зөвлөгөө өгч, суваг шуудуу татаж үерийн усыг урсган, “Алтай” чуулгын 200 мкв автомашины тавиулан, “Ундарга-Алтай” ОНӨААҮГ, “Төрийн банк”-ны байрны 205 мкв зоорийн давхарт үерийн ус орсоныг соруулж гаргах арга хэмжээ авч ажилласан байна. Иймд иргэд та бүхэн орон нутаг руу зорчих бол тухайн аймгийн онцгой комисстой холбогдож, цаг агаарын нөхцөл байдлыг мэдээг авч байж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.