Төрийн зоосноос хумсалсан үнэгэн зальтнуудад хариуцлага тооцъё, А.Ариунзаяа сайд аа

2021-08-17 Нийгэм

Монгол төр зорилтот бүлгийн ядарсан иргэддээ хүнс, тэжээлийн дэмжлэг олгосоор ирсэнд хэн буйгай ч талархалтай ханддаг. Энэ бол аливаа улс оронд байх ёстой жишиг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр үнэгэн зальтай задарсан баячууд төрийн хишгээс танил тал, мэдээлэлтэй ойр байдлаа ашиглан хэдэн мянгаар нь ядруухан түмний аяга хоолноос зусалж сууж. Зүй нь энэхүү бусармаг байдалд холбогдох яамнаас шалгалт хийхэд амьдралын боломжтой хүмүүс хүнсний талон авдаг байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах иргэдийн жагсаалтаас хасаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл, салбар яамнаас Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журманд өөрчлөлт оруулан Төрийн байгууллагын мэдээллийн сантай хүнсний талон авч буй иргэдийн судалгааг тулгаж, энэхүү бусармаг үйлдлийг ил болгожээ. Өмнө нь Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаа буюу тухайн иргэний аман мэдээлэлд үндэслэж, уг журмын дагуу хүнс, тэжээлийн дэмжлэг олгож байсан нь ийнхүү мэхт итгээдүүдийн “өгөөш” болсон хэрэг.

Харин одоо шударга бус эл байдлыг нэгэнт илрүүлсэн юм чинь салбар яамнаас авах дараагийн арга хэмжээ юу байх бол. Тэнхээтэй нь доройгоо боорлодог энэ мэтчилэн хууль бус үйлдлийг төр засаг нэг ч гэсэн нэгжид таслан зогсоож чадах болов уу гээд түмэн асуудал түмний нүдэнд ил болов. Тэгэхээр нэгэнт төрийн хишгээс санаатайгаар хумсалж суусан эдгээр 8475 иргэнд ямар хариуцлага тооцох вэ, салбарын сайд аа…

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.