“Youtube”-ийн бичлэг үзсээр онгоц бүтээжээ

2017-06-5 Ертөнц

Пэйн Лонг хэмээх камбож залуу Youtube-ийн бичлэг үзээд гурван жилийн дотор онгоц зохион бүтээжээ. Авто механикийн мэргэжилтэй тэрээр амьдралдаа ганц ч удаа онгоцонд сууж үзээгүй боловч хүүхэд наснаас үлдсэн нэг мөрөөдөл нь өөрийн гэсэн онгоцтой болох байжээ. Гэхдээ тэр эхлээд онгоц хийнэ гэсэн бодолгүйгээр Youtube-ээс онгоцтой холбоотой янз бүрийн бичлэг үзэж эхэлжээ. Онгоц яаж хөөрдөг, газарддаг, нислэгийн үйл явцыг яаж удирддагаас эхлээд энгийн бичлэгээс сүүлдээ онгоц үйлдвэрлэдэг томоохон компаниудын үйлдвэрүүдээр хийсэн виртуал аялалыг үзэх болжээ.

Тэр үеэс түүний хүүхэд насны мөрөөдөл сэржээ. Зургаан насандаа нисдэг тэрэг анх харснаас хойш бараг шөнө бүр зүүдэлдэг байсан онгоцоо хийхийн тулд тэрээр оройн цагаар гэрийнхнээ унтсан хойгуур бичлэгээ үзэн, хэрэгтэй зүйлээ хаягдал сэлбэгээс цуглуулж эхэлжээ. Онгоц хийнэ гэж хүмүүст хэлвэл бүтэхгүй хэрэг хэмээн шоолно гэж мэдэж байсан учраас өдөр нь ажлаа хийгээд шөнө нь гарааштаа онгоцныхоо ажлыг амжуулдаг байжээ.

Тэр дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы онгоцны загвараас санаа авч нэг нисгэгчийн суудалтай онгоцоо хийжээ. Онгоцны хоёр далавчийг оруулвал өргөн нь 5,5 метр аж. Дандаа хаягдал материал ашигласан учраас хэрэгтэй бүгдийг бүрдүүлэх гэж жилийн хугацаа оржээ. Тухайлбал, сандалны хөлийг нь тайрч нисгэгчийн суудал хийж, машины хянах самбарыг онгоцны хянах самбар болгожээ. Харин эх биеийг хийн контейнер ашиглан хийсэн байна. Бүтэн жилийн турш гарааштаа нууцхан хийсэн онгоцоо Пэйн Лонг өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд анх удаа гадаа гаргасан бөгөөд гэнэтхэн онгоцтой болоод гарч ирсэн түүнд айл хөршийнхөн нь нислэгийн зурвасаа засахад туслажээ. Түүний онгоцны анхны нислэгийн гэрч болохоор тосгоы 200-300 шахам хүн ирсэн ч онгоц 50 метрт хөөрөөд эргэж унасан байна. Унадаг дугуйн малгайтай онгоцондоо суусан Пэйн Лонг ноцтой бэртэж гэмтээгүй ч онгоцоо улам сайжруулах их хүсэл тэмүүлэлтэй болжээ. Түүний анхны онгоц 500 кг жинтэй байсан бол дараагийн удаа үүнээс хөнгөн онгоц хийхээр сэтгэл шулууджээ.  Хэдийгээр хаягдал материал ашиглан босгосон хэдий ч түүний анхны онгоц 10 мянган долларын зардал гаргасан бол хоёр дахь онгоцоо 3000 долларт багтаан бүтээнэ гэж зорьжээ.

Б.Номун

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.