Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират, Египет гэсэн дөрвөн орон Катар улстай нэгэн зэрэг дипломат харилцаагаа тасаллаа. Эдгээр улс орон Катараас харилцаагаа тасалж буйгаа өнөөдөр ээлж дараалан мэдэгдэж, дипломат төлөөлөгчид төдийгүй энгийн иргэдэд нь нутаг дэвсгэрээсээ гарах сануулга өгч эхэлжээ. Булангийн орнуудын эв нэгдэлд ийнхүү том ан цав гарч, Катар улсыг ганцаардуулах болсон нь тус улсыг терроризмыг дэмжиж, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж буйтай холбоотой аж. Саудын Арабын төрийн төв мэдээллийн агентлагаар өнөө өглөө албан ёсоор цацсан мэдэгдэлд дипломат харилцааг таслах болсон шалтгаанаа “терроризм, хэт үзлийн аюулаас үндэснээ хамгаалах” хэмээн тайлбарлаад хоёр талын бүх хилийн боомтыг хаажээ.
Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улсын мэдэгдэлд “Катарын одоогийн баримталж буй бодлого нь бүс нутгийн аюулгүй байдал, халдашгүй дархан байдалд аюул занал учруулж, гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтаасаа няцсан” гэж дурджээ. Тус улс Катарын иргэдийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг хориглож, одоо байгаа хүмүүсийг хоёр долоо хоногийн дотор гарахыг шаардсан байна.
Бахрейны тухайд Катарын дипломат төлөөлөгчдийг 48 цагийн дотор нутгаас нь гарахыг шаардаж, агаарын болон усан хилээ 24 цагийн дотор хаана гэж мэдэгдээд байна.Тус улс мэдэгдэлдээ Катарыг буруутгах болсон шалтгааныг илүү тодорхой тайлбарлажээ. Тухайлбал “Хэвлэл мэдээллээр дамжуулан өдөөн хатгалга явуулж, террорист байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, Ирантай холбоотой бүлэглэлүүдийг санхүүжүүлсний улмаас бүс нутагт тогтворгүй байдал үүсэх аюултай болсон” гэжээ.
Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Катар гэсэн дөрвөн орныг дэлхий нийтэд Булангийн орнууд гэдгээр нь мэддэг, хоорондоо эв нэгдэл сайтай, бүс нутгийн түншлэлийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн ойр дотно харилцаатай улсууд. Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл ч гэж бий. Харин энэ нэгдлээс Катар улс шахагдах болсон нь өнгөрсөн сарын сүүлчээр өрнөсөн үйл явдалтай холбоотой юм. Өнгөрсөн сард Катарын Эмир Шейх Тамим аль Тани Иран улсыг “Исламын хүчирхэг гүрэн” хэмээн нэрлэж, Д.Трампын Тегераны талаар явуулж буй бодлогыг шүүмжилсэн тухай мэдээ Катарын төрийн санхүүжилттэй “Аль Жазира” сувгаар цацагдсан юм. Ирантай харилцаа муутай булангийн орнууд Катарын энэ мэдэгдлийг маш ноцтойгоор хүлээн авсан бөгөөд тухайн үед Катарын зүгээс “Аль Жазира”-гийн цахим хуудас гадны халдлагад өртөж, хуурамч мэдээлэл цацсан байна гэж залруулсан юм.
Гэсэн ч түншүүдийнх нь сэтгэлд суусан сэв арилаагүй бололтой. Катарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг өөрийн нутаг дэвсгэр дээр цацахыг хориглоод удаагүй байхдаа ийнхүү дипломат харилцаагаа тасаллаа. Ираны цөмийн хөтөлбөр, Сири, Леван, Йемений дайны талаар Саудын Араб, Иран улс хоорондоо ихээхэн зөрчилддөг. Гэтэл Саудын Арабын гол түншүүдийн нэг Катар Иран улсыг дэмжиж байна гэсэн хардлага сүүлийн үед нэмэгдэж, Д.Трампын айлчлалын дараа тодорхой үйлдэл хийхэд хөтлөв бололтой. Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабт айлчилж, Исламын шашинт 55 орны удирдагчдын өмнө үг хэлэхдээ “Терроризмын эсрэг муслим шашинт орнууд өөрсдөө тэмцэх хэрэгтэй” гэж уриалсан юм. Трампын энэ айлчлал Саудын Арабт хүч өгч, улмаар Ираныг дэмжээд байна гэж үзсэн түншээсээ салахад хүргэсэн байх гэж ажиглагчид үзэж байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.