Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэллээ. Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшсэн билээ.
Сонгуульд санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэлтэй байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Үүнээс “түр хасав” тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байгаа аж. “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусах бөгөөд нийт 2087 хэсгийн хороонд 100 хувь хяналтын гар тооллого хийх юм.
Санал авах байранд очих боломжгүй 25 мянга 619 иргэний саналыг өчигдөр буюу энэ сарын 8-нд авсан. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, гэрээр тусгаарлах байранд байгаа 7051 иргэн, ердийн нөхцөлөөр буюу халдвар аваагүй, санал хураах байранд ирэх боломжгүй 18 мянга орчим иргэн санал өгчээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, өнгөрсөн сарын 30, 31-нд Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан Салбар комисс гадаад амьдарч буй иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулсан. Энд сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 нь санал өгчээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өгсөн иргэдийн саналын хуудсыг хэсгийн хороод санал хураалт эхлэхэд үед төхөөрөмжид уншуулах бол гадаадад буй иргэдийн өгсөн саналыг 20.30 цагт уншуулах юм.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч 43, хэвлэл мэдээллийн байгууллагын 40 сэтгүүлч, сурвалжлагч бүртгүүлжээ.
Дашрам дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх Засгийн газрын түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулан зохион байгуулж байна.