Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо. Хуралдаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Энэ талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийв.
Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувьтай байсан бол 2014 онд 7.9 хувь, 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.0 хувь болж буурлаа. Эдийн засгийн өсөлт ийнхүү буурахад 2016 онд 2013 онтой харьцуулахад эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр дунджаар 47.0 хувиар буурсан, гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 1.2 хувиар саарсан зэргээс үүдэн манай улсын экспорт 2016 онд 2014 онтой харьцуулах 857 сая доллараар буюу 15.0 хувиар буурч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум доллараар буюу 93 хувиар багассан нь нөлөөлсөн. Үүнээс гадна 2013-2016 онуудад төсөв, мөнгөний алдаатай бодлогын улмаас төсвийн алдагдал их хэмжээгээр өсөж, алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоод их хэмжээний зээл авсан нь 2016 оны эцэст Засгийн газрын өрийн хэмжээ 2013 оны жилийн эцсийн үлдэгдэлтэй харьцуулахад 2.3 дахин нэмэгдэж, эдийн засаг хүндрэхэд хүргэсэн гэж С.Бямбацогт сайд мэдээлэлдээ дурдав.
Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран 1,167.8 тэрбум төгрөгийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг 2012-2015 онд хэрэгжүүлсэн, Засгийн газраас сайн малчин, сайн оюутан, сайн хувьцаа зэрэг хөтөлбөрүүдэд зориулж 543.1 тэрбум төгрөгийг төсөвт тусгагдаагүй эх үүсвэрээр санхүүжүүлж, зах зээлд төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлсэн нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны жилийн эцэст 2013 онтой харьцуулахад 40.9 хувиар суларч, макро эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдахад нөлөөлжээ.
2013 онд 12.5 хувьтай байсан инфляци 2016 онд 1.1 хувь болж огцом буурсан нь эдийн засгийн идэвхжил суларч, эрэлт, хэрэглээний бууралт бий болсныг харуулж байна. Гадаад худалдааны тэнцэл 2013 онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2016 оны эцэст 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлт саарсан, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор импортын хэмжээ 2016 онд 2013 оны түвшнээс гурван тэрбум ам.доллараар багассантай холбоотой. 2013-2016 онуудад дээр дурдсан хүчин зүйлүүдээс үүдэн төсвийн тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 2013 онд 1.2 хувь байсан бол 2014 онд 3.9 хувь, 2015 онд 5.0 хувь, 2016 онд 15.4 хувь болж хурдацтай өссөн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа онцлов.
Засгийн газрын зүгээс өмнөх Засгийн газрын үед алдагдаад байсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллажээ. 2016 оны 7 сарын хувьд 2016 оны батлагдсан төсвийн зарлага нийт дүнгээр 2,372.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч үүнээс үүдэн нэгдсэн төсвийн нийт алдагдал анх батлагдсан ДНБ-ий 3.4 хувиас ДНБ-ий -20.6 хувьд хүрч 17.2 хувиар нэмэгдэх нөхцөл байдалд хүрсэн байсан байна.
Мөн тэрбээр, Төсвийн ийм хүнд нөхцөл байдалд хүргэхэд төсөвт тусгагдаагүй, санхүүжигдсэн нийгмийн даатгалын тэтгэврийн нэмэгдэл 60.9 тэрбум төгрөг, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийн санхүүжилт 543.1 тэрбум төгрөг, олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөр 141.5 тэрбум төгрөг, “Барих-Шилжүүлэх” концессын төслөөр хэрэгжсэн төслүүдийн санхүүжилт 70.7 тэрбум төгрөг, өмнөх жилүүдэд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн векселиэр санхүүжигдсэн, гүйцэтгэгч компаниудын өр, төлбөрийг барагдуулах 672.9 тэрбум төгрөгийн үүргүүд голчлон нөлөөлж, төсөвт их хэмжээний дарамт учруулсан гэдгийг мэдээлэлдээ онцолсон.
2016 оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 18.0 хувь болгон бууруулж баталсан. Улмаар 2016 оны төсвийн гүйцэтгэлээр төсвийн орлого 504.8 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс давж, төсвийн зарлага 173.5 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэнээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ДНБ-ий 15.4 хувь болж батлагдсан хэмжээнээс бууруулж чадсан. Эдийн засаг, санхүү, төсвийн цаашдын хандлага, төсөөллийн талаар, Засгийн газар байгуулагдсан цагаасаа эдийн засгаа сэргээх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгийг авч эдийн засгийн суурь бүтцээ засаж, сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж ажиллалаа. Тухайлбал, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулж, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлуулан, төлөвлөгөөнд туссан ажлуудыг хэрэгжүүлэн ажилласан байна.
Түүнчлэн энэ онд Олон улсын валютын сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засаг, төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж, өргөн хүрээний бүтцийн шинэчлэл хийх, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, өрийн дарамтаас гарах, төсвийн урсгал болон хөрөнгийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн орлогыг бодитой төлөвлөх, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай байдлыг бууруулж, тогтвортой орлогын бааз суурийг өргөжүүлэх, хөнгөлөлттэй санхүүжилтийг түлхүү ашиглах замаар өрийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгааллын тогтолцоог илүү үр ашигтай, үр дүнтэй болгох зэрэг бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Мөн эдийн засгаа дунд хугацаанд төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажлыг байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг өсгөх, орлогын ялгааг багасгахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэлдээ “Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2017-2021 онд дунджаар 4.2 хувиар өсөхөөр байна.
Дунд хугацаанд Монгол Улсын төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг чанд сахихын зэрэгцээ төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2018 онд -9.5, 2019 онд -6.9, 2020 онд -5.1, 2021 онд -3.6 болгон бууруулах боломж бүрдэхээр байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт буюу 2018 онд ДНБ-ий 80 хувь, 2019 онд ДНБ-ий 75 хувь, 2020 онд ДНБ-ий 70 хувь, 2021 онд ДНБ-ий 60 хувиас тус тус хэтрэхгүй байхаар төсөөлсөн” гэдгийг дурдлаа.
Уг мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Ё.Баатарбилэг, Ц.Нямдорж, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Д.Сарангэрэл, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулахаар тусгажээ.
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Болд, Д.Гантулга, Б.Жавхлан, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, санал хэлж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс хоёр сарын хугацаанд аймаг орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулахад шаардагдах төсөв тодорхой болсон эсэх, хэлэлцүүлэг хийх хугацааг нэг сараар хойшлуулах боломж байгаа эсэхийг илүүтэй тодруулж байлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, “Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал хураалт явуулбал урьдчилсан тооцоогоор 14 тэрбум төгрөг хэмнэх байсан. Гэвч гишүүдийн зүгээс хөрөнгө төсөв хэмнэхээсээ илүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ултай, суурьтай хандах хэрэгтэй гэсэн саналуудыг хэлж байсан. Байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийх зардал мөнгөний талаар ярилцсан. Гэхдээ Улсын Их Хурлын тогтоол батлагдсаны дараа Ажлын хэсэг дээр дахин ярилцаж, төсөв хөрөнгөний асуудлыг тодорхой тооцож шийднэ” хэмээн хариуллаа. Мөн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьсан учраас 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 10-ны хооронд хийхээр болсон. Гэхдээ гишүүд та бүхэн хэлэлцүүлэг хийх хугацааг хойшлуулах эсэхээ шийдэх биз” гэж байв. Ингээд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя” гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллын дагуу санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжлээ.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Үүний дараа Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, “Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар ард нийтийн санал асуулгаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, асуулт асууж, хариулт авсан болно. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Улмаар хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар байхаар тогтлоо” гэдгийг онцлов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжлээ.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
Дараа нь “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар уг тогтоолыг төслийг хэлэлцсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна хэмээн заасан бөгөөд Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд, Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг, даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурав, ажил олгогчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн ажиллахаар хуульчилсан байна. Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна.
Үүний дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгажээ.
Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Европын холбооны төслийн Эрүүл мэндийн эдийн засгийн бодлогын шинжээч Ц.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нарыг нэр дэвшүүлсэн байна.
Харин Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү, “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн Д.Чимэгдагва нарыг ажиллуулахаар талууд санал болгожээ.
УИХ-ын тогтоолын төсөлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Зөвлөлийн дэд даргаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэлийг томилохоор тусгасан аж.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, М.Билэгт, Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар нэр дэвшигчдэд хандан “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах шаардлагатай”, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг шинэчлэх, ялангуяа жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх, нийслэлийн эмнэлгийн байгууллагуудаар явж, бодит байдалтай танилцах шаардлагатай” байгааг онцгойлон анхааруулж байлаа. Ингээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилох санал хураалтыг нэр дэвшигч бүрээр явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9-79.2 хувийн дэмжлэгийг авав.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.
Төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод түвшинд хүргэх, улсын төсвийн зарлагын ангилалд шинээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг дэмжих тухай эдийн засгийн ангиллыг нэмэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааран хувьсах зардал болон багш, ажилтан, албан хаагчдын цалин урамшууллыг ажилласан жил, ажлын туршлагыг харгалзан нэмэгдүүлэн тооцох, зардлыг холбогдох төсөвт жил бүр тусгах, хөгжлийн бэршээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн нэгдсэн сан байгуулах, дэд бүтэц, тэдгээрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг саналуудыг тус тус тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулгадаа дурдав.
Дараа нь уг тогтоолын талаар зарчмын зөрүүтэй 13 саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны гишүүдээс гаргасан саналуудыг бүхэлд нь дэмжлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн нараас төслийн 1 дүгээр заалтын 10 дахь хэсэгт “хөгжлийн бэршээлтэй хүүхэд, иргэнийг хөгжүүлэх төвүүдийг аймаг, дүүрэгт байгуулах”, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан нар төслийн 1 дүгээр заалтыг 11-т “хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд болон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад хамран сургах, сургалтын ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, сургалтын шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангах, сургалтын зардал болон тэтгэлгийг улсын төсвөөс олгох” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан нар төслийн 1 дүгээр заалтад 12-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах”, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан нарын төслийн 1 дүгээр заалтын 13-т “хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, тэдгээрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэж нэмэх саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга Ж.Мөнхбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан нар хуулийн төслийн 2 дугаар зүйлд “Улсын Их Хурлаар хүчингүй болгосон олон улсын гэрээг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох тал, эсхүл олон улсын байгууллагад уламжилж шийдвэрлүүлнэ” гэж заасан нь Улсын Их Хурлаар батлагдсан хууль хүчин төгөлдөр бусаар ойлгогдож, улмаар олон улсын түвшинд үл ойлголцол үүсгэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хуулийн төслийн 3 дугаар зүйлийн “иргэд харилцан” гэсэн нь зөвхөн иргэдтэй холбоотой визийн асуудал мэтээр буруу ойлгогдохоор байгааг хэлэлцүүлгийн шатанд анхаарах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь аливаа төрлийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар гагцхүү Улсын Их Хуралд хадгалагддаг тул хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан татварын асуудлыг анхаарах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь үзэв. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87365
30402
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.