Хүүхэддээ ном уншиж өгдөг бол супер аав

2017-08-21 Ертөнц

Японы Нумазу хэмээх далайн эргийн нэгэн жижиг хотод супер аав бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүйгээр явуулж эхэлсэн байна. “Fathering Japan” төрийн бус байгууллагаас явуулж буй энэ сургалтаар аавууд хүүхэддээ үлгэрийг “амьдаар” нь ярьж өгөх чадвартай болох ёстой аж.

Ажил, ажил гэсээр гэртээ голдуу оройхон ирдэг нийтлэг талтай япон аавууд хэрэв ажил нь эрт дуусвал гэртээ ирээд хүүхэдтэйгээ хэрхэн цагаа өнгөрүүлэхээ ч сайн мэддэггүй байна. Харин тэр цагийг ашиглан аавууд хүүхэддээ ном уншиж өгдөг, тэр тусмаа үлгэрийг амилуулах мэт сонирхолтой, уран сайхнаар ярьж өгдөг болвол эцэг үрийн харилцаа, цаашилбал үр хүүхдийнх нь боловсрол хүмүүжилд ч асар эерэг үр нөлөө авчрах юм. Тийм ч учраас энэ сургалтыг “Fathering Japan” байгууллагын үндэслэгч Тецуя Андо хэмээх эрхэм санаачлан явуулж байгаа аж.

Андо өөрөө хүүхэддээ ном уншиж өгөх дуртай, хувьдаа номын дэлгүүртэй нэгэн гэнэ. Тэрбээр том хүүхдээ зургаан нас хүрэх үед 6000 ном уншиж өгч амжсан байжээ. Хүүхэддээ ном уншиж өгөх тэр цаг мөч үнэхээр зугаатай, аз жаргалтай байдаг учраас бусад аавд ч туршлагаасаа зааж өгөхийг хүссэн байна. Учир нь, өнгөрсөн 20 жил хийсэн ажиглалтаар япон аавууд энэ тал дээр маш хойрго, тэр талаар бараг сонирхдоггүй болох нь ажиглагджээ. Хүүхэд өсгөх нь зөвхөн ээжийн үүрэг мэтээр ойлгогддог энэ нийгмийн буруу ойлголтыг засч залруулахын төрийн бус байгууллагадаа 10 салбар нээж, Япон даяар явж, хэрхэн сайн аав байх талаар эрчүүдэд сургал тхийдэг болжээ.

Түүний энэ санааг Засгийн газар ч дэмжиж, эл хөтөлбөрт жилдээ 500 мянган доллар зарцуулахаар төсөвлөсөн байна. Учир нь, гэрийн ажил, хүүхдийн асаргаанд аавуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлснээр эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдэхэд нөлөөлнө гэж тооцож байгаа юм. Япон эмэгтэйчүүд нөхөрт гарч, хүүхэд төрүүлмэгцээ карьераа бүр мөсөн орхидог нь өндөр нас танихтэй, ажиллах боловсон хүчин дутагдалтай байгаа энэ үед сөрөг үзэгдэл болоод байгаа. Тиймээс тэднийг хүүхэд гаргасан ч ажлаа үргэлжлүүлэн хийдэг болгохын тулд хүүхдийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, аавуудын үүрэг оролцоог сайжруулах талаар Засгийн газар бодлого гарган ажиллаж байгаа юм.

Тухайлбал, шинээр бүл нэмсэн айлын заавал эхнэр гэлтгүй нөхөрнь 52 долоо хоногийн чөлөө авах боломж хуулиар олгогдсон байдаг.Гэтэл япон эрчүүдийн 2,7 хувь нь л энэ боломжоо ашигладаг байна. Харин үлдсэн хувь нь цаашдын карьераа бодож, бас дарга нар, хамт олондоо хэрхэн харагдах вэ гэдгээс эмээн, боломжоо үл ашигладаг байна.  Ажилдаа үнэнч байгаагаа харуулах гэхдээ хэт олон цагаар ажилладаг япон эрчүүдийг энэ тогтсон ойлголтоос нь салгахын тулд хүүхдээ асрахаар чөлөө авсан аавуудад эхний зургаан сард цалингийн 67 хувьтай тэнцэх мөнгө олгож байгаад дараагийн зургаан сард 50 хувь болж бууруулдаг байна.

Түүнчлэн хүүхдээ харахаар чөлөө авсан хугацааг ажилгүй гэсэн ангилалд оруулдаг нь цаашид байрны зээл авах зэрэг үед саад болдог учраас эрчүүд үүнээс зугтдаг байна.Тиймээс энэ асуудлыг ч шийдэх талаар яригдаж байгаа аж.

Энэ мэтчилэн Японы нийгэмд аль хэдийнэ хэвшин тогтоод, заншил болчихсон үзэгдлийг өөрчлөх гэсэн оролдлого эрх баригчдаас гадна жирийн иргэдийн зүгээс ч ийнхүү гарч байна. Эцсийн дүндээ энэ бүхэн ажиллах хүчний маш том хэсэг болсон эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд гаргаж ирэх л зорилготой юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.