Байдраг голоос нэг иргэний цогцос олджээ

2021-05-24 Мэдээ, мэдээлэл

Өчигдөр гал түймэр, ослын хэд хэдэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу ОБЕГ шуурхай ажилласан байна.

Тодруулбал:

-Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн иргэний гэр тавдугаар сарын 24-ний 23.30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг өдрийн 00.29 цагт хүлээн авчээ. Үүний дагуу гал унтраахаар шуурхай ажиллаж, иргэн Б-ийн таван ханатай гэрийн галыг бүрэн унтраасан байна.

-Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багт байрлах сендвичэн амбаар шатсан гэх дуудлагыг тавдугаар сарын 22-ны өдрийн 19.27 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн байнгын хяналтын цэгийн байрны зориулалтаар ашиглаж байсан 2х3 метрийн хэмжээтэй сендвичин амбаар шатсаныг орон нутгийн 15 иргэн ажиллаж унтраав.

-Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багт тавдугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагийн орчим 4 хүн “Байдлаг” голын эрэг дээр автомашиндаа архидан согтуурах үеэр иргэн С голын усанд унаж осолдсон тухай дуудлагыг тавдугаар сарын 23-ны өдрийн 18.40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19.28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Түүнчлэн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С-ын цогцсыг осолдсон газраас 6 метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

-Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар тавдугаар сарын 22-ны өдрийн 19.50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 19:55 цагт ирүүлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, хохирол учраагүй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.