АНУ-ын хошин шогийн жүжигчин Кэти Гриффин Ерөнхийлөгч Трампын толгойг тасдсан мэт хошин дүрс бичлэг хийж, олон нийтэд цацсан нь асар их шүүмжлэл дагуулж, өндөр дүнтэй гэрээнүүд нь цуцлагдахад хүрчээ. CNN телевизийн шинэ жилийн хөтөлбөрийг хамтран хөтөлдөг, сүүлийн үед нэр хүнд нь нэлээн өссөн Кэти Гриффин Ерөнхийлөгч Трампын эсрэг үзэл бодолтой ч энэ удаа түүний хошигнол хэрээс хэтэрлээ гэж үзэгчид нийтээрээ шүүмжилж байна. Тэр дундаа Трампыг дэмждэггүй, Ардчилсан намынхан хүртэл жүжигчин бүсгүйг зүй ёсноос хальж, төрийн тэргүүнээ хөнөөх тухай маш буруу санааг сурталчиллаа гэж буруутгаж байгаа юм. Үзэгчдийн шүүмжлэл нийгмийн сүлжээгээр асар хүчтэй өрнөсөн учир СNN телевиз нэр хүндээ хамгаалж үлдэхийн тулд Кэти Гриффинтэй байгуулсан гэрээгээ цуцалсан бол түүний шоуг зохион байгуулах гэж байсан казино ч үйл ажиллагаа цуцлагдсан гэдгийг зарлажээ. Кэти Гриффин мэдрэмжгүй хошигнолдоо гэмшиж буйгаа илэрхийлэн, уучлал гуйсан ч Ерөнхийлөгчийн толгойг “тасдсан” бичлэг хэдий нь хор уршигаа тарьжээ. Д.Трампын бага хүү, 11 настай Барон энэ бичлэгийг телевизээс олж хараад жинхэнэ гэж ойлгож, цочирдолд орсон байна. Айсан хүү ээжийгээ дуудан хашгирч уйлж нэлээн сандаргасны эцэст энэ бүхэн худлаа гэдгийг ойлгуулжээ.Энэ явдлын дараа тэргүүн хатагтай Меланья Трамп “Ээж хүний хувьд, эгэл жирийн хүн ёсны зүгээс ч энэ бол байж болшгүй явдал” гэж дургүйцэж байгаагаа мэдэгджээ. Харин Ерөнхийлөгч Твиттертээ жүжигчин бүсгүйн тухай “өвчтэй амьтан” гэж бичжээ.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.