УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн амь насанд заналхийлсэн буюу хутга барин дайрсан гэх ноцтой хэрэг өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 16:40 цагийн орчимд гарчээ.
Тухайн үед Л.Энх-Амгалан сайд руу З.Совд гэгч залуу дайрч, нүүрэнд нь цохиж, хутгалах гэж оролдсон гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ШУА-ийн харьяа Шинжлэх ухааны хүрээлэнгүүдээр явж, ажилтай нь танилцсан байна. Ингээд яамны гадаа ажлын хэсгийнхэнтэйгээ уулзаж, хэсэг зогссон байна. Үүний дараа машин руугаа явах үед тус яамны хашаан дахь модны араас нэгэн хүн гарч ирсэн гэнэ. Ингээд сайдтай хэсэг уулзаж байгаад нүүр рүү нь цохиж, хутгалах гэж оролджээ. Үйл явдал өрнөх үед сайдын зөвлөх болоод яамны ажилтнууд халдлагыг таслан зогсоож, Д.Совдыг араас нь тэвэрч авчээ. Ингээд цагдаа дуудаж, түүнийг саатуулсан гэнэ. Мөн Л.Энх-Амгалан сайдаас хохирогчийн мэдүүлэг авсан байна.
Д.Совд гэж хэн бэ?
Тэрбээр Боловсролын яаманд газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн яаманд мөн л томоохон албан тушаал хашиж байсан. Өнгөрөгч парламентын сонгуулийн үеэр Хөвсгөл аймагт нэр дэвшиж байсан бөгөөд тус аймгийн харьяат юм.
Түүнийг улс төрийн хүрээнийхэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй тун ойр, түүний дэмжлэгтэйгээр тухайн яамнуудад томоохон албан тушаал хашиж ирсэн гэх.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд “Хүннү Эйр” ХХК-ийн инженерийн үүрэг гүйцэтгэгч Мэргэншагай онгоц хучиж байгаад хальтирч унан хүнд бэртэл авсан. Тэрбээр ГССҮТ-д гавлын яс нь цуурсан оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Дээрх осолтой холбоотойгоор түүний ах болох Д.Совд хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарлаж байснаараа олны анхаарлыг татаж байсан билээ.
Д.Совд нь яагаад салбарын сайдын биед халдахыг завдсан бэ?
Тэрбээр сүүлийн хэд хоногт хүүхдүүдэд хүчээр вакцин хийх гэж байна хэмээн эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн цахим хуудсанд байр сууриа хүргэн шүүмжлэлтэй мэдээлэл хүргэж байсан юм. Тухайлбал, “Л.Энх-Амгалан сайд хүүхдүүдэд ковидоос урьдчилсан сэргийлэх вакцин хүчээр тарих гэж байна” гэх утга бүхий мэдээлэл олон нийтэд цацаад байсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү мэдээллээс болж тэрбээр сайдын биед халдахыг завдсан бололтой.
13 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.