БОАЖ-ын яамнаас хамгийн сүүлд гаргасан Байгаль орчны төлөв байдлын тайланд дурдсанаар нийслэлийн хөрсний 80 гаруй хувь нянгийн бохирдолтой гарсан. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 220 гаруй нүхэн жорлон бий гэх статистик гарсан бөгөөд өдрөөс өдөр нэмэгдэж байгааг албаныхан онцолж байна. Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр цаг үеэ олсон төсөл хэрэгжих байгаа нь гэр хорооллын өрхүүдийн уламжлалт нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах ажлын эхлэл болж байна гэдгийг төслийн нээлтийн арга хэмжээний үеэр цугласан эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн. Тиймээс төслийн хүрээнд гэр хороололд дан ганц сайжруулсан ариун цэврийн байгууламж суурилуулаад зогсохгүй. Шингэн хаягдлын менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журам, төлөвлөгөөг боловсруулж, ялгадсыг цуглуулах, бордоо болгох чиглэлээр жижиг дунд үйлдвэрийн газрууд, гэр хорооллын оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд хаягдал агуулах, цуглуулах, тээвэрлэх, бордоо болгох, боловсруулсан хаягдлыг худалдах болон холбогдох хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлуудыг хийх юм байна. Төслийн нэгжийг Баянзүрх дүүргийн XXVII хороонд ажиллах үеэр Засаг даргын танилцуулснаар хамгийн тулгамдаж буй асуудал нь дулааны улиралд уулнаас буудаг борооны ус гэнэ. Дарь-Эхийн дөрвөн амнаас буусан ус Сэлбэ голын эрэг дагуу оршин суудаг айлуудын бохирыг халихад хүргэдэг. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачилгаар борооны ус залуулах далан барих ажлыг эхлүүлэхээр болжээ.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах том туслалцаа дэмжлэг болно
-Монгол Улсын Засгийн газраас агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд үе шаттай тодорхой арга хэмжээг авч байна. БОАЖЯ зүгээс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох хөрсний бохирдлыг бууруулах төслийн ажлыг эхлүүллээ. Ингэснээр Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах том туслалцаа дэмжлэг болно гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байгаа. Төсөл амжилттай хэрэгжиж хөрсний бохирдлыг бууруулах юм бол цаашдаа гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн дэд бүтцийг сайжруулахад энэ төслийг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд: Улаанбаатар хот бохиртоо дарагдчихаад байна
-1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Манай хотод ариун цэврийн байгууламжийн асуудал хүн бүрийн санааг зовоосоор байгаа. Орон сууцны иргэд бохироо өөрсдөөсөө холдуулаад зайлуулчхаж байгаа боловч Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас шалтгаалаад үндсэндээ Улаанбаатар хот бохиртоо дарагдчихаад байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг шийдлийг олоход их хэцүү, санаа зовоож байгаа асуудлын нэг болоод байна. БОАЖ-ын яамнаас нийслэлтэй хамтраад энэ асуудлыг шийдэх зорилгоор төсөл эхлүүлж байгаад баяртай байна.
Азийн хөгжлийн банкны Байгаль орчны ахлах ажилтан Марк Безайян: Энэ төсөл цаг үеэ олон хэрэгжиж байна
-Улаанбаатар хотод дэд бүтэц, тэр дундаа гэр хорооллын цэвэрлэх байгууламжийн асуудал учир дутагдалтай байдаг. БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачилгаар АХБ энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэ төсөл цаг үеэ олон хэрэгжиж байна. Төслийн санхүүжилтийн Япон Улсын Ядуурлыг бууруулах сангаас авч хэрэгжүүлж байгааг энд тэмдэглэмээр байна.
Төслийн менежер Ж.Чойханд: Бүхэл бүтэн системийг бий болгоход төслийн агуулга оршиж байгаа
-Японы Ядуурлыг бууруулах сангийн 100 хувийн буцалтгүй тусламжаар нийслэлийн гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах төсөл хэрэгжихээр болж байна. Төслийн хүрээнд 1500 орчим айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх бөгөөд 30 хувь өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулах байгаа. Ингэснээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод буй хөрсний бохирдлын хэмжээ буурч, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл бүрдэх юм. Цаашлаад ялгадсыг эцсийн бүтээгдэхүүн хүртэл боловсруулах бүхэл бүтэн системийг бий болгоход төслийн агуулга оршиж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.