Тавдугаар сарын 10-наас сурагчдын зуны амралтыг эхлүүлнэ

2021-05-6 Боловсрол


Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.

Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247040 хүүхэд, ЕБС-д 680837 хүүхэд суралцаж байна. Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан.

Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно.

Цэцэрлэг болон 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амарна. 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт зарлана гэж мэдэгдлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.