Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос мэдээлэл хийлээ. Мэдээллийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хийсэн юм.
Монголын үйлдвэрчний эвлэл холбоонд нэгдсэн 36 холбоо, гишүүн байгууллага, аймаг, нийслэлийн 22 салбар холбоо, мэргэжлийн чиглэлийн 14 холбоогоор дамжуулж иргэдийн амьдрал хүндэрч байгааг судалжээ. Тэдэнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн нь маш их дарамт үзүүлж буй талаар ажил олгогч болоод үйлдвэрчний эвлэлийн харьяа байгууллагад ажиллагсдаас ихээхэн гомдол ирэх болсныг хурлын эхэнд дуулгалаа.
МҮЭ-ийн шахалт шаардлагаар хоёрдугаар 25-ны өдөр Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хороо хуралдаж нийгмийн даатгалыг нэмэгдүүлсэн шийдвэрийг нэн даруй цуцлах, 2017 оны Нийгмийн даатгалын хуулд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Гэвч ажил удааширч байна гэж тэрээр үзэж байна. Үйлдвэрчний эвлэлд нэгдсэн 450 гаруй мянган ажилтнууд тасралгүй энэ талаар санал хүсэлтээ ирүүлж буй аж.
Тиймээс МҮЭХ-ноос УИХ, Засгийн газар энэ талаар анхаарлаа хандуулж, нийгмийн даатгал нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг дахин сануулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүлжээ. Ажил, орлогогүй болоод буй энэ үед нийгмийн даатгалын нэмэгдүүлэх нь олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэж, хэдэн мянган хүнийг ажлын байргүй болгох эрсдэл нүүрлээд буй юм.
Хэрэвзээ шийдвэр гаргагчид шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол ажил хаялт зохион байгуулахаас өөр аргагүйд хүрнэ гэв. Энэхүү хуулийн хэрэгжилтийг долдугаар сарын 1 хүртэл түр хойшлуулаад байгаа юм.