Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчидтэй өнөөдөр 16 цагт цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн болон Гадаад харилцааны яамны төлөөлөл оролцлоо. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас Сонгуулийн газрын дэд захирал Улви Ахундлу, зөвлөх Кеара Касталдо нар оролцов.
Цахим уулзалтаар сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах АИХЭА-ны багийг тус албаны дарга Маттео Мекаччи ахлан ажиллаж байгаа бөгөөд COVID-19-ийн нөхцөл байдлаас үүдэлтэй хязгаарлалт, тусгаарлалттай холбоотой зохицуулалтын талаар тодруулан АИХЭА-ны сонгууль ажиглах баг цар тахлын нөхцөлд зохион байгуулагдаж буй дэлхийн орнуудын сонгуулийг ажиглан туршлага хуримтлуулснаа дурдлаа. Сонгууль ажиглах багийн бүрэлдэхүүн Монгол Улсад мөрдөж буй журам, цаг үеийн нөхцөл байдлын талаар дүгнэлтээ гарган ирэх долоо хоногт сонгууль ажиглах багийн урьдчилсан тайланг танилцуулах үеэрээ сонгууль ажиглах хороог хэрхэн ажиллуулах талаар танилцуулахаар болов.
Ардчилсан институт, хүний эрхийн алба нь өнгөрсөн 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглаж байсан. Харин энэ удаагийн сонгууль цар тахлын нөхцөлд болох учраас зохион байгуулалт, бэлтгэл ажлыг сайтар хангаж, халдвар хамгааллын нарийн дэг журам шаардаж байгааг урьдчилсан судалгааны багийнхан онцолсон юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.