Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар 1000 гаруй эмэгтэй холбогдсон

2021-04-14 Мэдээ, мэдээлэл

 

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийнх нь эрх чөлөөнд халдаж, заналхийлсэн асуудлаар өнөөдөр өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т өргөдөл өглөө.

Тэрбээр “Дөнгөж сая үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд гарч ирлээ. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан юм билээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй учраас өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цагдаа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна. Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй эмэгтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна. 20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна” гэсэн юм.

Харин иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч Батсүх “Миний үйлчлүүлэгч өөрийн нийтэлсэн пост, үүсээд байгаа асуудалтай холбоотой албан ёсны гомдлоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Хүний халдашгүй байдалд халдаж байгаа учраас өргөдөл гаргаж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн асуудлаар өргөдөл гаргасан.  Тодруулбал, хүний бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдах, заналхийлсэн, сүрдүүлсэн гэх үйлдлээр шалгуулахаар цагдаад хандаад байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.