УИХ: Ажлын хэсгүүд цахимаар хуралдлаа

2021-04-14 Мэдээ мэдээлэл

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд  энэ сарын 13-ны өдөр хуваарийн дагуу цахимаар хуралдах болсон.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг тухайн өдөр цахимаар хуралдаа.

Хууль зүйн байнгын хорооны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, УИХ-ын гишүүн  Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан болон УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх М.Үнэнбатын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Уг Ажлын хэсэг дөрөв дэх удаагаа хуралдаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг хангалаа. Түүнчлэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төслийн талаарх 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаач, салбарын төлөөллөөс гаргасан санал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэв.

Мөн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14:30-16:30 цагийн хооронд болж өндөрлөлөө.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг ахалж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Ажлын хэсгийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй зургаан саналыг хэлэлцэхийн зэрэгцээ Ажлын хэсгээс “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэлээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.