Коронагийн хямдрал (ЧИМХ ИНЭЭД)

2021-03-26 Бор шувуу

Хоржоонтой Хоролмаа

Гайтай вирус тархаагүй бол өдийд хамаг юм хаврын хямдралаа зарлачихсан, хүүхнүүд турах гээд түргэн авчихсан, фитнес заалууд пиг дүүрэн, бикини ваксын цаг олдохгүй, дуудлагын жолооч хүртэл 10 хувь сэйлдээд л, машин ачдаг нөхдүүд бас яаж дутахав “2 машин ачуулбал 1 үнэгүй” нтр гэчихсэн FM-ийн зарууд булж байх байсан даа. Ай амьдрал бужигнаж, хямдрал худлаа үнэн ч гэсэн хуйлруулж байдаг ирж яваа цагаа гэж…

Одоо тэгсэн дэлгүүр хоршоо ч эл хуль, түм түжигнэж байдаг Нарантуул маань хүртэл энд тэндээ онгойж харлаад, лангуу төмрүүд нь араг яс шиг хэрзийгээд эвгүй гэж. Хөдөлгөөн хоригдоод хөшиж өөхөлсөн биеийн жин, өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа халдварын тоо хоёр л өсч яваа өөдөө үзүүлэлттэй байна даа… Гээд анзаарах нь ээ манай Монголын корона бидэндээ бас хөөрхөн урамшуулал зарлачихаад байх шиг байнаа. Ноднингийн өдийд франц иргэнтэй төдий урт хугацаанд, өдий өндөр өртгөөр яаж зууралдлаа даа. Нэг тэрбумын хандивтай тулж байсан манай корона ханш элэг нэгтнүүдээ харж үзээд 8 сая төгрөг болсон. Яахав монгол хүний физиологийн онцлог, монгол ээжийн өлөн шээс мээсний нөлөө ч бас байгаа л даа. Яг хэнүүс өвдөөд, хаагуураа юу хийлгээд байгаа нь бүрхэг хэрнээ хэчнээн ч иргэн 8 саяар эдгэв дээ. Айл бүхнээс авсан шинжилгээ нь хүртэл 10 тэрбумын зардалтай. Ай бас хужаа вирус гэхэд үнээ сайн барьдаг даацтай эд байна лээ. Сүүлийн үед тохиолдол нэмэгдээд ирэнгүүт мань корона залхуурсан уу эсвэл эргэлтийн ашгаа бодсон уу яасан, 50 хувийн сэйл зарлаж 4 саяд намддаг болжээ. Сүүлд туссанууд нь эхний 8 саяын хэддээ бас атаархах маягтай, бид яацан гэхээрээ 4 саяд зүгээр болдын, адилхан л мах идэж мангас зүүдэлдэг монгол биз дээ гэж мэгээд.

Одоо тохиолдол өдөрт 250 гараад жирийв. Бөөн сүр дуулиантай, олон удаагийн давтамжтай хөл хорионы дараа нөгөө вирус маань зүгээр л статистик болоод хувирчихлаа. Тэгээд бүр шалдаа бууцан, за за гэр гэртээ биеэ ажиглаад, бүлээн юм уугаад хэвт гэж мэгээд, бүүүр 100 хувь сэйлдцэн нтр. Хаа хаанаа орлого ашиг хумигдаад, түрээс зээлдээ баригдаад байхад бас аштай юу даа, нэг ч гэсэн үнэ цэнэтэй юм навс хямдарч байвал.. 8 саяас 0 болно гэдэг үнэхээр ахиж тохиохгүй алтан боломж шүү…

Корона ч ер нь тэгээд уг үндсээрээ урд зүгийнх гэсэндээ хүн муутай вирус юм дөө. Айдсаар дамжуулж дарга нарт маань бөөн бөөн мөнгө атгуулаад л, ард иргэд биднийхээ ажил амьжиргааг хуга боомилоод л, амташсан нөхдүүд ахин дахин сүрийн хүчийг үзүүлээд л… Хийдгээ хийчихээд хэсэг амсхийхэд нь мань мэт хямдрал энэ тэр гээд хөөрөөд байж ч болох юм. Ямартаа ч коронагийн 100 хувийн хямдрал үргэлжилж байна, та яараарай…

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.