Финляндын ахлах сургуулиуд хичээлээс татгалзаж байна

2017-12-18 Ертөнц

Финляндын ахлах сургуульд хичээлээ заахаа болих гэнэ. Тэгвэл сургуульд хүүхдүүд юу хийх болж байна гэж та гайхаж байгаа биз? Тэгвэл ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрөөс математик, хими, физик гэх мэт бие даасан хичээлүүдийг нэг мөр авч хаяад оронд нь хүүхдүүдийн сонирхсон сэдэв, судлагдахууныг шинжлэх ухааны уялдаа холбоотойгоор заах ажээ.

Жишээлбэл, сурагчид дэлхийн хоёрдугаар дайн гэсэн сэдвийг сонговол энэ дайны тухай түүх, газарзүй, математик, уран зохиолын үүднээс гээд тал бүрээс нь авч үзнэ гэсэн үг. Тэгэхээр түүх гэж нэг хичээл байгаад түүний батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл заахгүй, сурагчид ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа, өөрийн хүсэл сонирхлын дагуу зөвхөн өөрт хэрэгтэй зүйлийг судлах боломжтой болно. Ингэснээр “Химийн энэ томъёо миний амьдралд ямар хэрэгтэй юм” гэж сурагчид хичээл дээрээ гайхширч суухгүй зөвхөн өөрт хэрэгтэй, дур сонирхолтой зүйлийг судалж, ирээдүйдээ илүү эртнээс бэлтгэж эхэлнэ гэсэн үг юм.

Түүнчлэн“Кафедажиллая”хэмээх курсийн ажлаар сурагчид англи хэл, эдийнзасаг, харилцааны ур чадвар гээд ирээдүйн ажил амьдралд нь хэрэгтэй мэдлэг, ур чадварт суралцах гэнэ.

Финляндын Боловсролын сайд Марио Киллонен энэхүү өөрчлөлтийг тайлбарлахдаа“Өнөөдөр ихэнх сургууль 1900 оны үед тогтсон хуучин арга барилаараа сургалтын хөтөлбөрөө боловсруулж, хичээл зааж байна. Гэвч өнөө үеийн хэрэгцээ шаардлага өөр болсон. Бид XXI зууны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэдлэг олгох хэрэгтэй” гэж хэлжээ.

2020 он гэхэд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буй энэ өөрчлөлт ахлах сургууль буюу 16-аас дээш насны сурагчдад хамаатай аж. Ийнхүү сургалтын хөтөлбөрийн агуулга бүрэн хувьсах учраас багш-сурагчийн харилцаа ч дагаад өөрчлөгдөх нь мэдээжийн хэрэг. Зарим сурагч бүх л хичээлийн турш дургүй сэдвээ сонсч, багш нэрийг нь  дуудаж асуух вий гэж эмээж суудаг байсан  бол  одоо  сурагчид  өөрсдөө  бүлэг  болон сэдэв, үзэгдлийг  хоорондоо ярьж, бие даан судлах маягаар хичээл  явагдах  юм  байна. Боловсролын салбарын энэ шинэчлэл “Багаар ажиллах”, “Хамтын ажиллагаа” гэдэгт их ач холбогдол өгч сурагчдаа баг болон хичээлээ судлах арга барилд сургахын зэрэгцээ өөр, өөр хичээлийн багш нар ч  хоорондоо  гар  нийлэн ажиллаж, нэг сэдвээр сурагчдад бүрэн дүүрэн мэдлэг олгох ёстой болж байгаа юм.

Одоогоор Хелсинкийн багш нарын 70 хувь нь боловсролын шинэчлэлийн бэлтгэл сургалтад хамрагджээ. Энэ шинэчлэл тэдэнд ч ашигтайгаар тусна гэнэ. Учир нь, шинэ системд ажилласнаар багш нарын цалин өсөх юм байна.

Финляндын хүүхдүүд хэзээнээсээ сурлагаараа дэлхийд тэргүүлсээр ирсэн. Хамгийн их ном уншдаг, шинжлэх ухааны мэдлэгээрээ толгой цохидог энэ амжилт нь Финляндын боловсролын салбарын хувьд хангалтгүй гэж үзэж, хувь хүний хөгжлийг жинхэнэ утгаар нь дэмжин тэтгэх шинэ системийг ийнхүү хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлжээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.