Каннын наадамд “Дөрвөлжин” кино түрүүллээ

2017-05-29 Ертөнц

Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадмын нэг Каннын кино фестивальд Шведийн Рубен Остлунд найруулагчийн бүтээл “Дөрвөлжин” хэмээх кино тэргүүн дээд Дал модны шагналыг хүртлээ.  Өдгөө 70 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Каннын кино наадамд 19 кино өрсөлдсөнөөс шүүгчдийн шагналыг Андрей Звягинцев “Хайргүй” хэмээх киногоороо, шилдэг найруулагчийн шагналыг София Кополла “Мэхлэгдэгсэд” киногоороо хүртжээ. Тэгвэл Каннын наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр “Алсарч одохуйд” киноны дүрээр Диана Кругер, эрэгтэй жүжигчнээр “Чи энд хэзээ ч байгаагүй” киногоор Вакин Финикс нар тодорчээ. 70 жилийн ойн шагналыг Холливудын од Николь Кидман хүртсэн энэ удаагийн Каннын наадамд ирүүлсэн бүтээлүүд дунд эмэгтэйчүүдийн дүрийг олон талын өнцгөөс харуулснаараа онцлогтой байлаа гэж шүүгчдийн нэг, Холливудын од Жессика Чэстэйн өгүүлжээ.

Николь Кидманы оролцон тоглосон гурван кино, нэг телевизийн цуврал энэ жилийн наадамд өрсөлдсөн учраас ийнхүү Австрали гаралтай жүжигчин бүсгүйг онцлон шагнал гардуулжээ. Түүний тоглосон “Мэхлэгдэгсэд” киноны найруулагч София Кополла Каннаас шилдэг найруулагчаар тодорсон хоёр дахь эмэгтэй юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.