Зүрх судасны өвчтэй хүмүүс, хүүхдүүдийн гэртээ байхыг анхааруулжээ

2021-03-16 Ертөнц

Даваа гарагт Хятад улсын хойд хэсгийг нөмөрсөн хүчтэй шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн байна.

Өнөөдөр өглөө эрт Шар тэнгис дэх арлуудад хамгийн түрүүнд хүрсэн шороон шуурга цаашдаа Өмнөд Солонгосын газар нутгийг бүхэлд нь нөмөрснийг Солонгосын Цаг Уурын Хүрээлэн мэдээлжээ.

Өглөөний 5:00 цагийн байдлаар агаар дахь PM10 буюу 10 микрометрээс бага диаметртэй тоосонцрын нягтрал Шар тэнгисийн Бэннён арлын орчимд шоо метр тутамд 145 микрограмм хүрсэн бол зүүн эргийн Сокчо хотод 125 микрограмм хүрснийг цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын стандартаар агаар дахь PM10-ын хэмжээ 0-30 микрограмм бол “сайн”, 31-80 бол “хэвийн”, 81-150 бол “муу”, 151-ээс дээш бол “маш муу” гэж ангилагддаг аж.

Өмнөд Солонгосын байгаль орчны яам тус улсын зарим бүс нутагт PM10-ын хэмжээ 150 микрограммаас давах төлөвтэй байгааг анхааруулжээ.

Энэ тохиолдолд амьсгалын замын болон зүрх судасны өвчтэй хүмүүс болон хүүхдүүдийг гэрээс гарахгүй байхыг анхааруулдаг юм байна.

Шороон шуурганы хүч Лхагва гарагаас эхлэн сулрах төлөвтэй байгаа ч Солонгосын хойгийн агаарын даралтын нөхцөл байдлаас хамаарч цаашид үргэлжилж магадгүйг цаг уурчид анхааруулжээ.

Эх сурвалж: Yonhap News

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.