Зуун дамнасан гажиг

2021-03-9 Нийгэм

Зуун дамнасан гажиг

Нэг. Эрээн төмрөөр энгэрээ дүүргэж таашаал авдаг мангуурал зуун дамнаж даамжирсаар өдгөө бүх хүн одон зүүх ойртлоо. Гачлантай нь одонгийн гангараа хавтгайрах тусам хөгжил удаашраад ядуурал нөмрөөд байдаг. Бүгд одонтой атлаа хоцрогдсон улс байснаас нэг ч одонгүй хоцрогдсон улс байх нэрэнд цэвэр баймаар. Одонтойчууд олширч, одонгүйчүүд цөөрөх тутам одонгүй иргэний дотор харанхуйлна. Аргагүй хөөрхий. Мөр зэрэгцэн алхаа нийлүүлж, ав адил хөдөлмөрлөсөн нөхөд нь бүгд одон зүүчихсэн юм чинь.

“Улсын одонгүйчүүд” хэмээн шаарлагдаж, хэдүүлхнээ тунавал ёстой эвгүй. Ганцаараа одонгүй үлдчих вий гэж айх нь зөв. Тэгвэл үр хүүхэд, ач зээ нартаа юу гэж хэлэх вэ? Насны эцэст ямар сайндаа “Би ганцаараа одон зүүх гавъяагүй адгийн шаар юм уу” гэж телевизийн дэлгэцэнд ичсэн нүүрээ улалзуулан өмөлзөхөв. Энэ бол инээд биш ханиад. Одон медаль хавтгайраагүй бол юу гэж өмөлзөх билээ. Хүн амаа ингэж алагчлан хямруулах мунхаглал ардчиллын өнгөнд ч салсангүй. Энэ тэнэглэл хэдийд больдог бол.

Одон тэмдгийг Манжаас биш Оросоос сурсан. “Орос ахын сургасныг огоорох урвалт” хэмээх хатуу онолтой пости коммунистууд яс заасаар. Яс заах нь ч бас аргагүй. Оросжихын төлөө оросжоогүйгээ нухчихсан намынхан юм чинь орос ахын зааврыг ширхэгчлэн шүтсээр яваад дуусахаас өөр сонголтгүй. Улаантны гавъяаг үгүйсгэвэл ах дүүсийнхээ нулимс, цус, амиар оросжсон үе буруудна. Тэр үеийн угсаа нь тэд. Тэгэхээр шүд зуухаас өөр яалтай ч билээ чааваас. Тэд өөрсдөө бас коммунист дарангуйллыг эдэлсэн хэдий ч хаяж зүрхлэхгүй яваа шалтгаан нь-цусанд хутгалдсан нам нь. Тэд орос ахдаа алуулж, шулуулсан ч мөргөсөөр дуусна.

Хил залгадаг хоёр хөрштэй. Хойш харж бөхөлзөөд, урагш харж боргосоор нэгэн зууныг барав. Шившигтэй хоёр нүүртэн явахыг бид өөрсдөө сэдээгүй. Хэт их гүрэн хэт ядмаг мануусыг уяаны ноход болгоод дохио зангаагаар хуцуулж сургасныг даян дэлхий сайн мэднэ. Онц сайн хуцсаны энгэрт дохуурхаж одон медаль гэгч алаг төмөр зүүсэн түүхтэй. Орос одонгууд дуурайлган монгол одон үйлдвэрлэж, орос одонгийн нэрийг орчуулж монгол одонгоо нэрлэв. ”Цусан гавъяаны” гэх аймаар тодотголтой нь анхдагч байх.

Цэргээс халагдаж хөдөө харьсан залуу айлын бүсгүйд сээтэн хаяхдаа “Танай нохой энэ шүдээрээ” гэж аман дахь алтан шүдээ заагаад, “Миний энэ шилбэнээс хазвал” гэж хромон гутлаа үзүүлээд, “Би танай нохойг яг энэ цаг мөчид” гэж бугуйн цагаа харуулаад, “Энэ буугаараа” гэж нагаанаа гаргаад, “Энэ рүү нь буудна” гэж зүрхэн дээрээ зүүсэн медалиар гайхуулсан гэх онигоо бий. Энгэртээ медаль гялалзуулж бусдадаа онгирох синдром бүдүүлэг харанхуй монголчуудад ингэж сэдэрсэн түүхтэй. Энэ өвчин ардчиллын зуунд арилах байтугай улам гаарсаар биднийг ертөнцийн доог дохуу болгох нь. Болгох нь ч гэж дээ, болгодгоо аль хэдийнэ болгожээ. Оросын одон медалиас өмнө Манжийн отго жинс хуйлруулж асан гэдэг. Гэвч отго жинс зөвхөн тайж ноёдын зэрэг дэвийг эрэмбэлдэг “мөрдөс”-ийн үүрэгтэй учир дээдсийн хүрээний явцуу өрсөлдөөн байжээ.

Тэгвэл эдүгээ одон медаль хавтгайрав. Бүх мэргэжил гавъяат цолтой. Гавъяат багш, эмч, эдийн засагч, гавъяат малчин, тариачин, урлаг соёлынхныг бол тоолоод барахгүй. Гавъяат цэвэрлэгч гэж бий юү? Бий байх аа бий байх. Яагаад байж болохгүй гэж. Цэвэрлэгч гэдэг бага цалинтай, бохир ажил. “Гавъяат дарга” цол бий болгоно гэдгээ УИХ нэг удаа зарласан.

Бүгд одонтой болбол гоё байх аа: Дээрэмдүүлж буй нь одонтой, дээрэмдэж буй нь одонтой. Хөлдөж буй нь одонтой, хөлдөж үхсэн нь одонтой. Гудманд унтаж буй нь одонтой, сэрээд шээж буй нь одонтой. Гавлуулж буй нь одонтой, гавлаж буй нь одонтой. Хоосорч буй нь одонтой, хоосолж буй нь одонтой. Өлбөрч буй нь одонтой, гулгиж буй нь одонтой. Мөргөж буй нь одонтой, мөргүүлж буй нь одонтой. Хаустай нь одонтой, хар гэргүй нь одонтой. Хууль зохиогч одонтой, хууль завшигч одонтой. Монгол хүн бүр өртэй ч монгол хүн бүр одонтой. Шившигтэй юү бахтай юу?

Ойн баяр тохиолдуулан одонгийн хур буусаар ахул бүгд одон зүүх ойртжээ. Одонгийн хур буулгахгүй гэвэл хөөрхий хэдэн одонгүйчуудын гомдлыг яах билээ. Ерөнхийлөгчид бултах зам алга. Хүн бүр энгэрийн инээдэмтэй алаг төмрүүдийг дооглоод тоохоо боливол Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийнхөө ажлыг хийх сэн. Нэг хэсгийг албан ёсоор мандуулж, нөгөөг албан ёсоор шоовдорлож ялгаварласан эрээн төмөр коммунист Оросын эрхшээлд орохоос өмнө Монголд байгаагүй гэсэн. Ийм тэнэг юмтай ухаант хүмүүн ХХI зуунд зууралдан новширч байх ч гэж дээ. Ёо ёо толгой өвдчихлөө.

Ийм эдгэрдэггүй солиоролд орос ах нар минь дүйнгэ биднийгээ яах гэж ховсдов доо. Бид орос гипонозоос гарч чадахгүй нь. Хавтгайрсан одон медалийг ХХI зуунд зохимжгүй болсныг ухаарсан элитүүд хүртэл, одон медальгүй ганцаараа үлдчихвэл дэлхийд бус Монголдоо гутамшиг гээд мөнгөөр ч болохноо олж зүүхээс аргагүйд хүрэв. Ерөөсөө бүх иргэндээ одон өгөх үү? Тэгж бас болохгүй нь ээ. Тэгвэл одонгоор онироодог бодлого нурна. Яагаад гэвэл одонгүй хүн нэг ч үгүй болчихвол одонтой нь хэндээ гайхуулах вэ. Одонгүйчуудад даналзах гэж л одон медаль яралзуулдаг биз дээ. Эсвэл бүх одон медалиа хайлуулъя. Хүний амь аварсан, онцгой их баялаг бүтээсэн шилдгүүдээ урамшуулах нь эрүүл ухаан. Мөнгөөр шагнахгүй юу. Монгол хүнд мөнгө хэрэггүй гэж Төр Засаг арай бодоогүй баймаар. Хүн ядуу явах харамсалтай. Мэхлэгдсэн ядуу ард түмэн явах бүр гутамшигтай.

Хоёр. Хуулийн засаглал даргын харшилтай гэнэ. Ашигтай aллерги бас байдаг аж. Өндөр цалинтай дураараа дургигч, ажил чөдөрлөгч, бүдүүлэг атлаа ихэмсэг дарга нарыг шүүмжилж явсан өвөө тоншуулын хүсэлд “хуулийн засаглал”-д дарга цөөрөх нигуртай нь яв цав нийцлээ. Дарга нарыг шүүмжилсэн миний бичвэрийг цуглуулж матахаар Төв Хорооны залуу халуун кадр Тугалхүүгийн Баасансүрэн Главлитийн Жавзмаа Чүлтэмсүрэн хоёрт үүрэг өгсөн байдаг юм. Үхэх дөхсөн цагтаа улирч баларсныг дурсах эвгүй л дээ. Гэвч том дарга нарт тал засаж, анд-намайгаа хэрэгт унагах санаа сэдсэн нь хариугаа сонсох ёстой үйлдэл мэт.

Т.Баасансүрэн Х.Цэвлээ М.Гүрсэд гурав Шагдайн Цэнд-Аюуш бид хоёрыг дуудаж Их сургуулийн хүнгүй хоосон дугуй танхимд авчирч суулгаад Зулькафил ч гэлүү хасгаар шог найруулал хэрхэн бичихийг заалгав. Дөрвөн багшаас хоёулхнаа номын дуу сонсох хичээл болоод явчихлаа. Урт лекц дуусмагц бид хоёрыг ойлгоогүй зүйлээ асуу гэв. Доктор профессорын шог найруулал бичих онолыг ойлгоогүй бид хоёр юу асуухаа мэддэггүй. Асуулт гарвал мад тавих шинжтэй. Тэгтэл Т.Баасансүрэн дарга “асуулт асуусангүй, үл тоомсорлов” гэж ширүүсэв. Энэ зуур гаднаас орж ирсэн гэрэл зурагчин Сайханбаяр агсан арчаагүй загнуулсан бид хоёрыг өмөөрч “Та нар энэ хоёр шог зохиолчид юу заах юм” гэж зүй дүрсгүй давшлаад тэд чимээгүй зугтаж билээ. Сайханбаяр тийм хурц хүн байв. Хөөрхий минь наслаагүй. Золгүй осолдсон.

БНМАУ-ын хот аймаг сум-нэгдэл сангийн аж ахуй бүрд дарга хэмээх хар мянган том жижиг “хувалз” үүрлэсэн нүсэр намын хороо, гүйцэтгэх захиргаад хэдэн арван жил эзэрхийлсний эцэст хүнд сурталд живснээс хөгжөөгүй. 1990 оны ардчилсан хувьсгал дарга нарын армийн ноёлох торгон оройг булгалж дөнгөсөн ч бие бүрэлдхүүн хөндөгдөөгүй. Бүтэн үлдсэн нүсэр ялзарсан зовлого гучаад жил ардчиллыг чөдөрлөлөө.

Ер нь монголчууд яагаад даргад дурладаг, Монголд яагаад данхар төр үүсдэг вэ? Өөдгүй хүн муу аргаар дарга болохдоо гаажтай. Монголд өөдгүй нь өөдтэйгөөсөө олон юм чинь дарга нар ямагт үрждэг. Бидний үеийн улстөр-карьер бол Хятадыг үзэн ядах, Зөвлөлтөд үнэнчээ нотлох байв. Нотолж чадвал унадаг унаа тусгай хангамж ойртоно. Дээр нь увсынх бол хаалтгүй. За тэгээд орос эхнэртэй бол гүйцээ. Дарангуйлан захиргаадагч хүнд суртлын нүсэр аппарат хүн амаа мөлжиж ирсэн түүхтэй. Монжооч хүмүүс тийш ханарах нь ойлгомжтой. Дарга нар шүүмжлэлийн бай аль ч нийгэмд болдог шалтгаан энэ. Дарга нарт дургүй зохиолч гэгдсэн минь ард олноо л дагасан хэрэг.

Одоогийн хэлээр хувийн бизнес, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн шударга оролдлого бүхнийг нам толгойтой Төр Засаг даашгүй татвар, хүнд суртлаар хавчаад, төрийн албан хаагч-дарга нарыг өндөр цалингаар хангахын хажуугаар төсвөөс шомбодох, авилга хээл хахууль хулгуулах завшаан олгож, даргад хорхойсдог монгол архаг хуучийг сэдрээв. Даргаас давах ашигтай бизнесгүй бидний үеийн ялзрал ийнхүү эргээд иржээ.

Зах зээлийн өрсөлдөөнөөр монгол хүний гавалд бие даан баялаг бүтээх хүсэл, уран санаатайгаа хамт уугьж эхэлмэгц тэнэг Төр Засаг түүн рүү нь ус асгаж унтраагаад даргын бизнесийг асаачихсан юм. Ингэсэн нөхцөлд яс мах цусандаа даргад донтой монголчууд урьдын бидний адил тийшээ сад тавилгүй өөр яахав. Зовлогоо ядрааж баялаг бүтээх дургүй атлаа өндөр цалин хүртэхдээ монгол хүн нугасгүй юм чинь Төр нь данхайхгүй яах вэ. Ингээд баялаг бүтээх бизнесменгүй, дарга нарын Монгол руугаа буцаад гулсав. Хувийн бизнес хөөж Төр Засгийн дарамт хавчилгад жаахан хуримтлалаа шатаасан боловсрол чадвартай азгүй залуусыг мөнгө идэх далд эрх дарх бүхий өндөр сэнтий даллан дуудлаа.

Өөр нэг парадокс нь сайхан дуулбал гоё хууль төрдөг, сайн барилдвал хуулийн зүйл заалтууд хэрэгждэг, бөө удган гишүүд айж цочирдом цамнавал Австралид үер бууж, ашигт малтмалын үнэ цойлж, Хятадын импорт тэнгэрт хадаж, эдийн засаг 17 хувь өсдөг ид шид Монголд морилсон юм уу гэлтэй болсон шүү. Бөх дуучин бөө удган хөгжил хайрладаг гэж итгэсэн масс тэдэнд дараалан санал өгч ялалт бэлгэлэв.

Төсвийн алдагдал гэх мангас биднийг хоосолж буй. Өнгөрөгч 4 жилд чих халууцуулсан мэдээ: ОУВС-гаас зээлэх 420 сая долларын ихэнхээр төсвийн алдагдлаа нөхөх. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас ихээхэн тусламж авч төсвийн алдагдлаа бөглөх. Японы 850 сая долларын нэн хөнгөлттэй зээлийн дийлэнхээр төсвийн алдагдлаа хаах. Нөхөөд нөхөөд нөхөгддөггүй яачихсан сарампай навтарга вэ. 5,3 тэрбум долларын зээлээр төсвөө нөхөөд бүтээн байгуулалтад ердөө 1,5 тэрбум нь үлджээ. 1,5 тэрбум доллароос эрх баригчид хэдийг суйлах бол. Ийм гунигтай мэдээ цацагдсан. Юу болж дууссан бол?!

Ханаж цаддаггүй мангас-угтаа том дарга нарын тавиулын арми юм. Тариан талбайд устгаад байхад дийлдэхгүй ургадаг хогийн ургамлууд нуугддаг. Шатаасан ч зулгаасан ч хэд хоногийн дараа тариан дунд багсайтал соёолчихно. Хор цацвал хогийн ургамал тэсвэрлээд яах ч үгүй. Хороо нэмбэл тариа үхээд нөгөөдүүл тийхнээрээ хоцорно. Хогийн ургамал тарианы хоолыг булааж шимэхдээ-төсвийг янз бүрийн башир аргаар ховдоглон сордог эрх баригч нам л гээд бодчих. Хогийн ургамлын үр хоронд ажрахгүй, галд шатахгүй тэсвэртэйн адил дарга нарын тавиулууд галзуу дархлаатай. Тэд эрх баригчдын үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, хэтэвч нэгтэн байдаг тул ямар ч аудит, сөрөг хүчин, АТГ, цагдаа тагнуул, жагсаал суулт өлсгөлөнд цочихгүй.

Тариан талбайг хогийн ургамлын үртэсгүй болтол цэвэрлэсэн ч хамхуул мэтийн зэрлэг ургамал алсаас салхинд хөөгдөж ирээд боловсруулсан талбайд ойж бууж дэгдэхдээ үрээ хуу гүвчихдэг. Ялсан намын удирдагч нар яг л хамхуул шиг хүнд суртлын нүсэр аппаратуудыг хэсэж үрээ цацдаг. Ажилтнаа хууль бусаар халсан шийвэр гаргагч-хохирлыг төлөх ёстой атал 2019 онд 450 орчим алба хаагчаа хууль бусаар халсны хохирол 3 шахам тэрбумыг татвар төлөгчдийн мөнгөөр төлжээ. Халаа сэлгээ сонгуулийн жил-2020 онд гаарсан нь мэдээж.

Дэлхийн жишгээр төрийн нэг түшмэлд 126 үйлчлүүлэгч оногддог гэвэл манай нэг хурган дарга дөнгөж 18 ардад үйлчилнэ. 126:18=7. Гадаадын нэг түшмэл амжуулдаг ажлыг Монголын долоон дарга оромддог аж. Ажил хөөцөлдөгч гадаадад нэг түшмэлтэй уулзаад хэрэг нь бүтдэг бол Монголд долоон хувалз царайчилна. Нэг даргын нормыг шахааны долоон хувалзанд хувааж хөнгөлдгийг болиулбол зургаан хувалзны цалин хэмнэгдэнэ. Ганц түшмэлийн ачааг долуулаа дамжилдаг бүх хувалзны нэгийг үлдээгээд зургааг хасвал улсын хэмжээнд маш олон хувалзны орон тоо гарах бөгөөд тэдний бүх зардлыг багш эмч нарынхаа хүрдэггүй цалинд нэмэрлээч. Нэг түшмэлийн үүргийг долоон хувалзанд нялзаасан атлаа 30 сурагчийн нормтой багш 40-50 сурагчид хичээл заадгаас сурлагын чанарт нөлөөлдөг. Эмчийн өдөрт үзэх хүний тоо гадаадын жишгээс эрс олон.

Гуравхан сая хүнтэй Монгол олон зуун сая хүн амтай аварга гүрнүүдтэй яамдынхаа тоогоор зиндаархаж, бяцхан төсвөө 200 мянгаад хувалзтай данхар бүтцэд цацдаг. Швейцарийн загварыг дуурайвал Монгол 13 мянган хурган даргаар ажлаа амжуулах гэнэ. Анзаарах өнцөг мөн үү? Мөн. 3-хан сая Монголын салбар салбарын нь цар өчүүхэн атал манай яамдууд орлогч сайдын тоогоор бүтэн хагас тэрбум хүнтэй Хятад Энэтхэгтэй ижилсэж хэнхэлзэнэ. Томчууд хий орон тоо гаргаж шахсан шүдтэй тулмуудаа хуу цомхотгож, тэднийг нүгэлгүй орлогоор амьдрах бизнест хөлсийг нь дуслуулаач. Хувалзууд хуруугаа хөдөлгөж, өөрийн оюуны чадвараар баяжвал эх орон ашиглах ёстой нэг нөөцөө хөгжил болгож буй нь тэр.

Татвар төлөгчдийн мөнгийг хуурайлж, хүн амаа хоосруулагч хүнд суртлын авилгажсан нүсэр аппаратыг цомхон чадварлаг болгохгүй бол Монгол модоо барина. Хууль үйлчилдэггүй дархан сэнтийнээс нь ажлын садаа-энэ олон даргыг хуу татаж гаргаад, хувиараа баялаг бүтээх орон зайг хууль эрхийн таатай орчноор хангаад, Төрийн оролцоог хувийн хэвшлээс хөөн зайлуулбал тэд гялс баяжина. Дарга нар дунд ухаантай, авъяаслаг, боловсрол мэргэжилтэй, амархан баяжих чадвар бүхий шилдэг сэхээтэн олон бий. Даргамсаг ихэрхүү бүдүүлэг авир нь ялдамхан ажил хэрэгч бизнесмэнд дорхноо хувирна. Тэдний овсгоо хувийн бизнесээ түвэггүй цэцэглүүлнэ. Эх орондоо гай тарьж асан тэдний хүнд суртал-нийгмийн баялаг болно гэсэн үг. Тэд авилгачийн замаас гарч ард түмэндээ баялаг бүтээгч буянтанд шилжиг. Тэд ингэж элбэг чадна. Даргын зам хөөснөөс бизнес хөөсөн нь таатай агаад ашиг нь эрс илүү тийм орчин Монголд цэцэглүүлээч Оюун-Эрдэнэ ээ! Дарга нарын арми баялаг бүтээгч-баячуудын армид хувирахыг үзэх юмсан.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.