Нэг ой хүрээгүй хүүхдэд жимсний шүүс өгч болохгүй

2017-05-27 Гэр бүл

Нэг ой хүрээгүй хүүхдэд жимсний шүүс өгч болохгүй гэж Америкийн хүүхдийн өвчин судлалын академиас эцэг эхчүүдэд зөвлөсөн байна. Өмнө нь тус академи судалгаан дээр үндэслэн зургаан сар хүртэлх хүүхдэд жимсний шүүс өгөхийг хориглох хэрэгтэй гэж зөвлөж байсан бол энэ төрлийн ундаанаас болж хүүхдийн шүдний өвчлөл, таргалалт нэмэгдэж байгаа учраас нэг нас хүртэл нь азнах хэрэгтэй гэж шинэ зөвлөмж гаргажээ.

Нэг хүртэлх насны хүүхэд эхийнхээ сүү болон сүү орлуулах тэжээлээс хангалттай шим тэжээл авдаг учраас заавал жимсний шүүс өгөх шаардлагагүй гэнэ. Бага насны хүүхдийн шүд, амны хөндийг тэр бүр цэвэрлээд байдаггүй. Гэтэл жимсний шүүсийн чихэрлэг эд хүүхдийн шүдэнд өдөржин тогтож, хорхойтуулахаас эхлээд чихрийн агууламж маш өндөр учраас таргалуулах үндэс болж байна. Нөгөө талаар амтлаг жүүс, ундаа ууж сурсан хүүхэд ус уухаа больдог нь буруу хооллох хэвшлийг эхлүүлдэг ажээ.

Хэрвээ эцэг эхчүүд хүүхэддээ цэвэр жимсний шүүс өгөх гэж буй бол 1-3 насныханд өдөрт 4 унци буюу 110 грам, 4-6 насныханд 170 грам орчмыг өгч болно гэж Америкийн хүүхдийн эмч нар зөвлөж байна. Үүнээс бүр том, 7-18 насны хүүхдүүдэд ч эрүүл хооллолтын үүднээс жүүсний хэрэглээг хязгаарлаж, өдөрт нэг аягаас хэтрүүлэн өгөх хэрэггүй гэж  зөвлөсөн байна. Түүнчлэн зарим өвчний үед, тухайлбал, суулгалт, шингэн дутагдсан үед хүүхдэд жимсний шүүс өгөхийг хориглох бөгөөд ибупрофен мэтийн эмтэй хамт бэрсүүт жүржийн шүүс уулгаж болохгүй гэнэ.

Эцэг эхчүүд хэрвээ хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг бол жимсний шүүсийн оронд жимсийг дангаар нь идүүлж сургах хэрэгтэй аж. Жимсний шүүс нь жимс шиг эрдэс витамины агууламжгүйгээс гадна их хэмжээний сахар агуулдагийг маш сайн анхаарах хэрэгтэй аж.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.