Тагтаа энхтайвны бэлгэ тэмдэг болж, хүн төрөлхтөний холбоо харилцааг дамжуулдаг байсан бол одоо гэмт хэрэгт ашиглагддаг болжээ. Кувейтийн гаалийн албаныхан ар нуруундаа бяцхан үүргэвчтэй, түүндээ мансууруулах үйлчилгээ бүхий эм “нуусан” тагтааг барьж авчээ. Кувейтийн “Аль Рай” сонинд бичсэнээр тагтааны үүргэвчинд 178 ширхэг Кетамины төрлийн эм нуусан байжээ. Шувууг Иракийн хилтэй ойролцоо гаалийн барилгын хажуугаас барьсан байна.
Хар тамхины наймаачид тагтааг ашиглан өндөр үнэтэй мансууруулах бодисыг зөөвөрлөдөг болохыг гаалийн байцаагчид хэдий нь мэдсэн байсан учраас шувууг барьж авсан аж. 2015 онд Коста Рикагийн шоронгийн харгалзагчид кокайн, каннабис тээж явсан тагтааг барьж байсан удаатай. 2011 онд Колумбийн шоронд ч мөн ийм хэрэг гарч байжээ. Тухайн үед тагтаанд хэт их хэмжээгээр марихуан нуусан байсан учраас шувуу шоронгийн өндөр хашааг давж чадахгүй баригдсан гэдэг.
Хэдэн зуун километрийн алсаас ч гэрээ олоод буцаж ирдэг шувуу учраас тагтааг эртний Ромын үеэс шуудан харилцаанд ашигладаг байжээ.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.