АН-ын дарга мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АН-д тулгамдаж байгаа олон чухал асуудал бий. 2021 он бол хариуцлагатай жил. Тухайлбал, АН-ын шинэ даргыг сонгох сунгааг зарлах ёстой. Мөн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Нэгдүгээр сарын 31-нд АН-ын үндэсний бодлогын хороо хуралдан, намын аравдугаар Их хурлыг товлосон. Улстөрийн намын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэн АН-ын аравдугаар Их хурлыг ирэх тавдугаар сарын 2-нд товлон зарласан. АН-ын аравдугаар их хурлаар АН-ын шинээр сонгосон намын даргыг батламжлах, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигчийг батламжлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
АН-ын даргын сунгаа Цагаан сарын дараа зарлагдана. Дотоод сонгуулийн хороонд АН-ын даргын сунгаа болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааг зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгааг намын дүрмийн дагуу бүх гишүүдийн санал асуулгаар зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, 21 аймаг есөн дүүрэг, 330 сум, 72 хороо, 200 мянган гишүүн сунгаанд оролцоно.
Цар тахалтай байгаа учраас анхан шатны нийт гишүүдийн татварыг тэглэсэн. Ингэснээр намын шинэ даргыг сонгох сунгаа, Ерөнхийлөгчид намаас нэр дэвшүүлэх сунгаанд бүх гишүүн саналын эрхтэй, эрхгүй гэж хуваагдахгүйгээр саналаа өгнө” гэлээ.
Мөн Үндсэн дүрмийн хороо нь хуралдаж татвараа төлөөгүй Үндэсний бодлогын хорооны гишүүдээ Үндэсний бодлогын хорооноос нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. АН-ын Үндэсний бодлогыг хорооны 394 гишүүнээс 219 гишүүн нь татвараа төлжээ. Тиймээс татвараа төлөөгүй 175 гишүүн нь намынхаа дүрмийн дагуу нэг жилийн хугацаанд Үндэсний бодлогын хороонд орж ажиллах эрхгүй болж байгаа юм байна.