Бизнес санаа
-Төгсгөлгүй үргэлжлэх дижитал далайг бид “Интернет” гэж нэрлэдэг-
Төгсгөлгүй үргэлжлэх дижитал далайг бид “Интернет” гэж нэрлэдэг. Төгсгөлгүй үргэлжилдэг учраас танд өөрийн веб сайтаа идэвхжүүлэхэд ашиглаж болох цоо шинэ арга үргэлж олдоно гэдэгт итгэж байна. Гэхдээ энэ зах зээлд шинээр орж байгаа бол туршлагатай нэгний амжилтад хүрсэн аргыг ашиглахад буруудахгүй. Учир нь контент, дижитал маркетингийн үндсэн зарчим нь уламжлалт маркетингаас төдийлөн хол зөрдөггүй аж. Жишээ нь, хэрэглэгчдэд үнэгүй зүйл санал болгох нь эргээд худалдан авалтыг нэмэгдүүлдэг зарчим цахим орчинд ч гэсэн үйлчилдэг байна.
Энгийн хэрнээ гэнэтийн зүйлээр бэлэг барь
“Форбес” сэтгүүлээс зарладаг “Сошиал медиагаар хүчтэй нөлөөлөгч” жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн, мэргэшсэн эксперт Шон Гарднер туршлагаасаа хуваалцжээ.
Шон Гарднер нь “Хаффингтон пост”-ын “Твиттерийн хүч” цувралыг үндэслэгч технологи, бизнес, эрүүл мэнд, аялал жуулчлал, филантроп, хоол хүнс зэрэг бизнесийн бусад салбарын олон мянган хүнтэй ярилцлага хийж, дуу хоолойгоо хүргэсээр ирсэн юм.
Шон Гарднер бизнесийнхэнд зөвлөсөн илтгэлдээ дижитал сурталчилгааг онцлон ярьсан юм. Тэрбээр илтгэлдээ сүүлийн үед фэйсбүүк сүлжээтэй хүчтэй өрсөлдөж яваа инстаграм сүлжээг хэрхэн ашиглах талаар зөвлөв.
Инстаграмд өдөрт 70 сая зураг нийтлэгдэж байдаг бөгөөд энэ сүлжээнд хүмүүс нийгмийн харилцаанд орох хандлага түлхүү ажиглагдаж байгаа аж. Инстаграмыг ашиглан сурталчилгаа явуулахдаа өгүүлбэрээр тайлбар хийх, олон талт байдлаар илэрхийлэх, хэрэглэгчдийн төсөөлөөгүй, гэнэтийн зүйлийг хийж маркетингаа явуулах хэрэгтэй.
Жишээ нь, бизнесийн нэг байгууллага өөрийн инстаграм хуудастаа Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан маш гоё зургийг нийтэлж, хүмүүст өглөөг угтахад нь урам зориг, цэнэг өгөх хэрэгтэй гэнэ. Уг зургийн тайлбар нь товч, энгийн байх бөгөөд бүтээгдэхүүнээ шууд сурталчилсан байж болохгүйг анхааруулав.
Энэ мэтчилэн түүний туршлагаар маркетинг гэдэг нь бүтээгдэхүүнээ сурталчлахдаа бус хэрэглэгчдийн асуудлыг шийдэх, тэдэнд туслахад гол зорилго нь байдаг аж. Учир нь хэрэглэгчид танай бүтээгдэхүүнийг ерөнхийд нь мэддэг харин сонголт хийхэд нь нөлөөлөх нь чухал гэдгийг зөвлөсөн юм. Мөн өөрийн бизнесийн үнэ цэнээ бий болгох нь хамгийн ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Түүнчлэн олон улсад пинтерест хэмээх нийгмийн сүлжээг бизнесийн сурталчилгаанд хүчтэй ашиглаж байгаа аж. Харин Монголд энэхүү сүлжээг хараахан түгээмэл ашиглаагүй байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс пинтерестийг сонирхон сурталчилгаагаа хийж, бизнесээ өргөжүүлэхийг Шон Гарднер манай улсын бизнесийнхэнд зөвлөлөө.
Алдартнуудыг маркетингдаа ашигла
АНУ-ын Үндэсний зар сурталчилгааны холбооны судалгаагаар контент маркетингийн салбарт нийгэмд нөлөө ихтэй хүмүүсийн оруулсан контент, ямар нэгэн брэнд, компанийн оруулсан контентоос илүү хүчтэй болохыг харуулжээ.
Түүнчлэн 2020 он гэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах хамгийн хүчтэй хэрэгсэл нь бусдад нөлөөлөх чадвартай, алдартай, бусдын хайр хүндлэлийг хүлээсэн хүмүүс болох аж.
Тиймээс өнөөдөр маркетерууд нөлөөтэй хүмүүсийг ашиглах нь түгээмэл болж контент маркетингийнхаа стратегийн нэг хэсэгт энэ төрлийн хүмүүсийг багтаажээ. Судалгаанд оролцогсдын 86 хувь нь тэднийг төлөвлөгөөний нэг хэсэг болгосон байхад 88.5 хувь нь тун чухал гэж үзсэн байна.
Контент маркетингийн хувьд стратеги гаргаж, стратегийн дагуу явна гэдэг хамгийн чухал болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Харамсалтай нь үүнийг хийж чаддаг нь тун ховор. Нийгмийн сүлжээний тренд цагаар өөрчлөгдөж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олны танилууд маркетинг хийдэг болохоор жижиг компаниудад хөлгүй далайд, сэлүүргүй завьтай хоцорсонтой ижил нөхцөл бий болдог аж. Тиймээс энэ шуурганд тэсч үлдэхийн тулд зөв стратегийн дагуу ажиллах хэрэгтэйг маркетерууд онцолж байна.
М.Дуламжав
14 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.