Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ (FATF)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 зөвлөмж)-ын Зөвлөмж 15-д орсон өөрчлөлтөөр тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгө”-д нэгэн адилаар үйлчлэхээр тогтсон. Монгол Улс ФАТФ-ын стандартыг бүрэн биелүүлэх хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулжээ.
Виртуал хөрөнгө гэдэг нь дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо мөн хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэнэ бүхий дижитал буюу биет бус хөрөнгө юм.
Монгол Улсын хувьд авч үзэхэд криптовалют нь албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй, Үндэсний төлбөрийн системийн хуульд тодорхойлсон цахим мөнгө биш бөгөөд, цахим мөнгөний аль ч шинжийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл цахим мөнгө, криптовалют нь
хоёр тусдаа ойлголт.
Блокчэйн технологид суурилсан криптовалютыг Монгол Улсад бараа, үйлчилгээний төлбөрт ашигладаггүй бөгөөд иргэд харин арилжааны хэрэгсэл болгон ашиглаж байна.
Монгол Улсын хууль тогтоомжоор бүх төрлийн криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй бөгөөд Монголбанкнаас зөвшөөрөл олгодоггүй, үйл ажиллагааг хянан зохицуулдаггүй байна. Энэ талаар Монголбанкнаас хоёр, Санхүүгийн зохицуулах хорооноос нэг удаа олон нийтэд зориулж мэдэгдэл гаргаж байсан.
Гэвч Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ үйл ажиллагаагаа явуулж, иргэд, байгууллагад энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа боловч үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүйгээс гадна аль нэг байгууллагын хяналт, зохицуулалт дор байдаггүй.
Санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжааг хийж, цахим хуудсаар криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Энэ нь дуудлага арилжааны зарчим, зах зээлийн зарчим буюу эрэлт нийлүүлэлт, арилжаанд оролцогчдын хариу үйлдэл дээр тулгуурлан явагдаж байгаа. Эндээс үзэхэд виртуал хөрөнгө эзэмшигч болон үйлчилгээ үзүүлэгч этгээд Монгол Улсад байгаа боловч эрх зүйн зохицуулалтгүй байна.
Одоо хүчин төгөлдөр хууль, тогтоомжийг судлахад Иргэний хуульд л биет бус хөрөнгийн тухай зохицуулалт байдаг ч виртуал хөрөнгийн нарийвчилсан зохицуулалт байхгүй мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт л төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх харилцааг зохицуулсан, Татварын ерөнхий хуульд цахим хөрөнгөөс татвар авах зохицуулалт байхгүй боловч эдийн бус хөрөнгө буюу биет бус хөрөнгийг зарж борлуулах, түрээслэхээс олсон орлогод татвар ногдуулахаар байгаа.
Авлигын эсрэг хуульд болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хөрөнгө орлогын мэдүүлэгт виртуал хөрөнгийг бүртгүүлэх шаардлага тавигдаагүй, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгч нь аль байгууллагаас тусгай зөвшөөрөл авах болон зохицуулагч байгууллага нь аль байгууллага байх талаарх зохицуулалт байхгүй байна.
Мөн Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд виртуал хөрөнгийн гүйлгээг тусгайлан зохицуулаагүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль (МУТСТТ) болон Үй олноор зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамруулаагүй, санхүүгийн үйлчилгээ хүртэгч харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа хийгдэхгүй байна. Иймд, эрх зүйн зохицуулалтгүй байгаа нь өмнө нь дурьдсанчлан тус технологийн шийдлийг буруугаар ашиглаж, үүсэж болох эдийн засгийн хор хөнөөл, учирч болох аюул өндөр байна.
Цаашилбал, хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэрхэн зохицуулах, төр ямар байдлаар оролцох, маргааныг хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхойгүй байна. Иймд, Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж ФАТФ-аас гаргасан зөвлөмж 15-н хэрэгжилтийг ханган Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх харилцан үнэлгээнд эрсдэлтэй орны тоонд оруулах эрсдэлээс хамгаалах үүднээс виртуал хөрөнгийн зохицуулалт бүхий хууль тогтоомжийн төслийг Хууль, тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан байна.
“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.
Тус хуулийн төсөлд өгөх саналаа tusul@mojha.gov.mn мэйл хаягаар ирүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зөвлөлөө.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.